Хог хаягдлын салбарын бодлогын шийдэл, зохицуулалтын талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-12 14:57:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хотын хог хаягдлын менежментийн талаар ярилцахаар салбарын төрийн бус байгууллага, дүүргүүдийн ТҮК, хувийн болон орон нутгийн өмчит хувьцаат компаниуд, СӨХ-ны төлөөлөлтэй уулзлаа.


Уулзалтаар тухайн салбарт хийж байгаа ажил, тулгарч буй бэрхшээлийг хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Тэд хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн систем, тендер болоод тохижилт үйлчилгээний компаниудад тулгамдсан асуудлыг хөндөөд, гарц гаргалгаа, шийдлээ танилцуулан тайлбарлав.


Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Хог хаягдал, тохижилт үйлчилгээ, хог дахин боловсруулах, ангилан ялгахтай холбоотой асуудлыг шийдэхэд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль их дэмжлэг болно. Тус салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдэхийн тулд бодлогын түвшинд анхаарна” хэмээв. Мөн хог хаягдлын менежменттэй холбоотой үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн урсгалыг нэгтгэснээр хүнд суртал, дарамт шахалт багасахыг дурджээ.


Цахим хэлбэрт амжилттай шилжиж чадвал тус салбартай холбоотой хууль бус үйлдлүүд багасах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтойг салбарын залуус энэ үеэр онцолж байв. Мөн хог ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх салбарын ажилчдыг урамшуулах, хог дахин боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийг татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөх, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, хог ангилан ялгах хэвшилд сургаж, нийгэмд нөлөөлөхөд анхаарах шаардлагатайг Хотын даргад уламжиллаа.  


Нийслэлийн хүн ам, эдийн засаг, хотжилт, шилжилт хөдөлгөөний өсөлтөөс шалтгаалан гарах хог хаягдлын хэмжээ сүүлийн таван жилд 18.3 хувиар нэмэгдсэн бөгөөд 2040 он гэхэд энэ түвшнээс 21 хувиар өсөх тооцоо гарчээ.


Хог хаягдлын тухай хуулийн хоёрдугаар бүлэгт Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж хогоо ангилан ялгах үүрэгтэй хэмээн тусгасан байдаг аж.

Холбоотой мэдээ