АНУ, БНХАУ-ын зөрчил гүнзгийрч буйд санаа зовниж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-10-28 16:59:59

БАНДАР СЕРИ БЕГАВАН. /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчид АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд буй зөрчил Өмнөд Хятадын тэнгис тэргүүтэй бусад асуудлуудын улмаас улам гүнзгийрч буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Лхагва гарагт болсон Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний цахим уулзалтад Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүд, Япон, АНУ, БНХАУ зэрэг орны төлөөлөл оролцсон юм.


Уулзалтын үеэр хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг нь Бээжингийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болоод буй Өмнөд Хятадын тэнгисийн асуудал байсан бөгөөд Бээжин хиймэл арлууд байгуулж, түүнийгээ цэрэгжүүлэх болсон байна.


АНУ Австрали, Их Британитай “AUKUS” хэмээх аюулгүй байдлын түншлэл байгуулсан нь  Энэтхэг, Номхон далайн бүс дэх Хятадын үйл ажиллагааг сөрөн зогсох зорилготой бололтой байгаа юм.


Цахим уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон улсын дүрэмд суурилсан дэг журамд аюул нүүрлэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлээд, ардчилал, хүний эрх, хууль ёс, далай тэнгисийн чөлөөт байдлын төлөө холбоотон, түншүүдтэйгээ нэгдэнэ гэдгээ амлажээ.


Харин Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Яакобын хувьд “AUKUS” тэргүүтэй аюулгүй байдлын гэрээ нь зэвсэглэлийн хөөцөлдөөн, хурцадмал байдлыг даамжруулж, улмаар Өмнөд Хятадын тэнгисийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ