БНХАУ-ын цэргийн чадавх тасралтгүй бэхжиж байгаад түгшиж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-28 16:11:38

ТОКИО. /TASS/. Япон улс бүс нутгийн бусад орнуудын нэгэн адил БНХАУ цэргийн чадавхаа тасралтгүй нэмэгдүүлж, цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаад санаа зовниж байна гэж тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ишозаки Ёшихико мэдэгджээ.


Тэрбээр пүрэв гарагт ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ дуунаас хурдан зэвсэг туршсан талаарх АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Марк Миллигийн мэдэгдэлд тайлбар хийх хүсэлтэд ийнхүү мэдэгдсэн байна.


“Хятад улс пуужингийн довтолгооноос хамгаалах системийг даван туулах чадалтай давшилтын хүчийг бий болгохын тулд дуунаас хурдан болон цөмийн зэвсгийн технологийг эрчимтэй хөгжүүлж байгааг бид харж байна. Хятад улс цэргийн хүчин чадлаа эрчимтэй бэхжүүлж, цэргийн үйл ажиллагаагаа тэлж байгаатай холбогдуулан манай улс төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг аюулгүй байдлын талаар ихээхэн түгшиж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Үүний зэрэгцээ тэрбээр БНХАУ дуунаас хурдан зэвсэг туршсантай холбоотой асуултад хариулахаас зайлсхийж, энэ нь Японы тагнуулын чадавхад хор хөнөөл учруулж болзошгүй гэж цохон тэмдэглэсэн байна. “Гэхдээ бид АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны даргын хийсэн мэдэгдлийн талаар мэдэж байгаа” гэж Ишозаки нэмж хэлжээ. Тэрбээр мөн Япон батлан хамгаалах хүчээ үргэлжлүүлэн зузаатгана гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


Марк Милли өмнө нь “Bloomberg” агентлагт өгсөн ярилцлагадаа Хятадын дуунаас хурдан нисдэг аппаратын туршилт нь АНУ-ын удирдлагад ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөсөнтэй бараг ижил сэтгэгдэл төрүүлснийг хүлээн зөвшөөрсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч мөн Хятад улс дуунаас хурдан пуужин туршсанд санаа зовниж байгаагаа мэдэгджээ.


Хятад улс наймдугаар сард цөмийн зэвсэг тээх чадалтай дуунаас хурдан нисдэг аппартыг зөөгч пуужингаар хөөргөсөн гэж Их Британийн “Financial Times” сонин 10 дугаар сарын 16 -нд мэдээлжээ. АНУ болон Азийн хэд хэдэн орны засгийн газрын эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэхүү төхөөрөмж нь бага тойрог замаар дэлхийг тойрон ниссэн боловч байдаа тусаж чадалгүй хажуугаар нь хэдэн арван километрийн зайтай өнгөрсөн байна. Энэ туршилт нь дуунаас хурдан зэвсэг бүтээхэд Хятад улс ихээхэн амжилт олж байгааг харуулсан учир Пентагонд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн гэж “Financial Times” сонин онцлон тэмдэглэжээ. 


Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижян дээрх мэдээллийн талаар тайлбар өгөхдөө,  тус улс наймдугаар сард шинэ төрлийн зэвсэг бус харин сансрын аппарат туршсан гэж мэдэгджээ. Туршилтыг сансрын хөлгийг дахин ашиглах технологийг шалгах зорилгоор явуулсан байна. 


Холбоотой мэдээ