Боодолтой өвсний жинг 15 кг-аас буулгахгүй байхыг үүрэг болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-15 12:53:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021 оны А/817 дугаар захирамжаар байгуулсан Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, хэмжээ, чанарт хяналт тавих ажлын хэсэг энэ сарын 13-ны өдөр Ногооннуур суманд ажиллажээ.

Энэ үеэр боодолтой өвс бэлтгэн жижиглэнгийн худалдаа эрхлэгч, хаман боогч машин бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад бэлтгэсэн 15280 боодол өвсөнд санамсаргүй сонголтын аргаар хэмжилт хийхэд хамгийн бага жинтэй нь 10 кг, хамгийн хүнд нь 18 кг, дундаж жин 13 кг орчим гарчээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр MNS-0592:2008 стандартаар өвсний нягтралыг 120-150 кг/м3 байхаар тогтоосон байна. Чийггүй боодолтой өвсний нягтрал 120 кг/м3 гэж тооцвол жин нь 14.4 кг гарах тооцоо гарчээ. Иймд хаман боогч машин бүхий иргэдэд боодолтой өвсний жинг 15 кг-аас буулгахгүй байхыг ажлын хэсгээс үүрэг болгосон байна.

Ногооннуур суманд хаман боогч машин бүхий 11 иргэн байдаг. Үүнээс 7 иргэнтэй шалгалтын явцад хариуцлагын гэрээ байгуулж, үлдсэн 4 иргэнтэй хариуцлагын гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад чиглэл болгосон ажээ.   

Холбоотой мэдээ