Д.Төмөр: Нутаг орондоо оюуны хөрөнгө оруулахсан гэсэн эртний хүсэл минь биелж, цахимаар үндэсний бичгээ зааж, сургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-14 17:51:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс хүсэлт гаргасны дагуу энэ оны 2 дугаар сараас эхлэн тус аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн дэргэдэх “Дундговь аймгийн харьяат эрдэмтэн багш нарын зөвлөх баг”-ийн гишүүн, БНМАУ-ын гавьяат багш, Монгол Улсын Ардын багш, МУБИС-ийн Хүндэт профессор, Монгол Улсын зөвлөх багш Д.Төмөр нутгийнхаа төрийн албан хаагчдад цахимаар монгол бичгийн хичээл зааж эхэлсэн ба түүнээс хойш тус аймагт монгол бичиг сурах хөдөлгөөн идэвхжиж байна.  

Анхан шатны сургалтаа 6 дугаар сард дүүргэж, 9 дүгээр сараас дунд шатны сургалтаа эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Хос бичгээр төрийн хэргийг явуулах хугацаа ойртсоор байгаа энэ цаг үед Ардын багш Д.Төмөрийн нутаг орондоо оруулж буй оюуны энэ нөр их хөдөлмөрийг үнэлж баршгүй юм.

Тиймээс эрхэм хүндтэй багшийгаа  урьж, энэ удаа ярилцлаа.


-Миний хувьд оюуны өндөр чадамжтай хөгжсөн ард иргэд л хөгжлийг бий болгоно гэж боддог, энэ бодол, хүслийг маань та биелүүлж, төрийн албан хаагчдад үндэсний бичгээ зааж сургаж байна. Энэ бол оюуны маш үнэ цэнтэй хөрөнгө оруулалт шүү дээ. Энэ ажлыг хэзээнээс эхэлсэн бэ, энэ тухай хуучилна уу!

-Нутаг орондоо оюуны хөрөнгө оруулах юмсан гэсэн эртний хүсэл мөрөөдөл минь биелж, аймгийн Засаг дарга,  БСУГ,  Хэлний бодлогын салбар зөвлөлийн тэргүүлэгчид 2021 оны 1 дүгээр сараас эхлэн надад хүсэлт илгээж,  миний олон жил хүч хөдөлмөр, оюунаа заран байж, 30 гаруй жилийн сургалтын туршлагаас урган гарч бий болж хэвлэгдсэн сурах бичгийг аймагтаа бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд маш их баярлаж,  сургалтаа зохион байгуулахаар шийдэж,  бэлтгэл ажилдаа орж эхэлсэн юм.

Анхан шатны сургалтын бэлтгэлүүд амжилттай хангагдаж, 2 дугаар сарын 15-наас эхний хичээл пэйж хуудсанд (нэрийн хуудаст) тавигдсанаас хойш цар тахлын үед огт саатаж зогсолгүйгээр 6 дугаар сарын 15-нд 22 дахь хичээлээ байршуулж, төрийн албан хаагч 2251 хүн уйгагүй суралцан хичээллэснээр анхан шатны сургалт амжилттай өндөрлөсөн.

-Анхан шатны сургалтад ийм олон хүн суралцсан байна. Таны ажигласнаар анхан шатны сургалтаас ямар үр дүн гарч байна вэ?

-Цахим хичээлийг хийх шийдвэрийг БСУГ-ын мэргэжилтэн Л.Мөнхзултай ярьж тохиролцон ийм хэлбэрээр  ингэж хичээллэх нь маш ашигтай байсан. Мөнхзул маань ч олон зөв саналууд гаргасан. Тиймээс доорх үр дүнгүүд гарч байна. Үүнд:

1. Суралцагсад цагт баригдахгүй, байршил хамаарахгүй “эрх чөлөөтэй”-гээр суралцаж байна.

2. Нэг хичээлийг өөр өөр багшийн арга зүйгээр давтан суралцсан.

3. Бие даан, өөрсдийгөө дайчилж суралцдаг.

4. Багш нар бие, биеийнхээ хичээлээс сайн арга барил, туршлага, шинэ санаа олж авдаг.

5. Сургах арга барил, туршлагаа илүү үнэ цэнэтэй болгоход санаачилга гаргаж байна.

6. Боловсруулсан сайн хичээлээ үнэлүүлэх замаар аймгийн хэмжээнд үндэсний бичгийн ээлжит хичээлийн цахим контентийн бүхэл бүтэн сан бүрдэж, анхан шатны хичээлүүдийг аль ч насны хүн суралцах боломж бүрдэж байгаа юм.

-Цахим орчинд энэ олон хичээлийг бэлтгэн байршуулах, оролцогчдоо бүртгэх, хичээл бүрийн даалгаврыг шалгаж, оролцоог үнэлэх гээд ийм их ажлыг та амжуулж чадлаа. Цахим хичээл бэлтгэнэ гэдэг асар их цаг, хөдөлмөр шаарддаг ажил шүү дээ.  

-Энэ ажлыг зөвхөн би ганцаараа хийчихсэн, бүтээчихсэн юм биш л дээ. Нийслэл хотоос хичээлээ чадлын хэрээр гэр бүлийн хүний хамт уйгагүй бэлдэж, цагт нь бэлэн болгож, яг л хугацаандаа пэйж хуудсанд байрлуулсан байх ёстой үүргийг өөрсдөдөө ягштал баримталж байлаа.

Энэ үед орон нутагт байгаа,  надтай ижил мэргэжилтэй,  биднийг залгамжлагч монгол хэлний багш нар маань давхар зөвлөгөө өгөх, туслах, модуль сургалт хичээллүүлэх зэргээр миний баруун гар болж сум,  байгууллага,  орон нутагт ажилласан нэр бүхий багш нартаа талархаж байгаа.

Ямар ч байсан 70 гаруй настай ахмад настан би программист хүүхдүүдээрээ бага сага заалган, 10 гаруй жил төрөл бүрийн программууд ашиглан 10 төрлийн,  600 гаруй видео цомгууд бие даан хийж сурсан туршлагадаа тулгуурлан энэхүү анхан шатны 22 хичээлийн ард гарлаа.

Анхан шатны хичээлийг цахим орчинд байршуулахдаа жаахан туршлага дутсан нь харин олон хүнд буян болж, зарим хичээлийг 10 мянга гаруй хүн дагасан, үзсэн байдаг. Энэ нь зарим үед албан ёсны биш  8 мянга шахам хүнд цахим хичээлийг үзэх боломж гарч байсан хэрэг гэж бодож байна. Сурах бичиг авч, бичих боловсруулах дадлага хийгээгүй ч үзсэн л байна. Ийнхүү Монголынхоо 10000 гаруй хүнд хичээл заачихжээ гэж томоор бодож сууна даа.

Нутгийнхандаа сургалтын төлбөргүйгээр хичээл зааж,  оюуны хөрөнгө оруулсан түүх энэ ээ

Хичээл бүрийн гэрийн даалгаврыг челленжээр (албан хаагч бүрийг уриалан дуудах журмаар) дуудан шалгаж,  биелэлтийн хариу өгөх ажлыг аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн гишүүн, монгол хэлний мэргэжилтэн, арга зүйч Л.Мөнхзул маш хариуцлагатай хийхээс гадна хичээл бүрийн дараа цахим сорил хийж,  авч, дүгнэх ажлыг аймгийн харьяа шилдэг багш нараар бүтээлгэж мэдээлдэг байсан нь суралцагсдыг улам идэвхжүүлж байсан. Мөнхзулдаа багшдаа маш их баярлаж байгаа шүү.

-Дунд шатны сургалт эхлээд явж байна. Эхнээсээ хоёр шатны сургалт хийхээр төлөвлөсөн байсан уу, эсвэл анхан шатны сургалтын хэрэгцээнд үндэслэн сургалтаа үргэлжлүүлэхээр болсон уу?

-Анхан шатны сургалтын үеэр дунд шатны сургалт явуулах хүсэлтийг надад хэд хэдэн удаа санал болгосныг эргэцүүлэн бодоод,  тэдэнд зориулсан сурах бичгийг зохиох хэрэгтэй юм байна гэсэн санаа ахмад багш бид хоёрт бодогдож, зуны амралтын 2 сар гаруй хугацаанд тасралтгүй сууж,  монгол хэлний гайхамшиг болсон 500 гаруй хэлц үгэнд суурилсан ном бүтээж,  хэвлүүлээд суралцагсдынхаа гарт хүргэж,  бичих,  унших,  нүдлэх,  хадгалах сурах бичигтэй болгож амжлаа.

Өмнөх алдаанаасаа сэрэмжлэн дунд шатанд суралцах зорилготой хүмүүсийг нэгбүрчлэн бүртгэж,  шинэвтэр нэртэй групп нээж эхлээд байна. Анхан шатны хичээлийг өндөрлөнгүүт төрийн албан хаагчдад санал тавиад хичээл заах багш, шинээр нээсэн хаалттай группийн админы хувьд би өөрөө бүртгэж баталгаажуулснаар тэдэнд шинэ сурах бичгээ өгч, урд нь үнэгүй зааж байсан бол энэ удаа нэг удаагийн хичээлийг нэг мянган төгрөгөөр үзэх санал тавихад бүгд зөвшөөрсөн.

-Дунд шатны сургалтын онцлог юу вэ, энэ шатны сургалт хэдий болтол үргэлжлэх вэ?

-Миний бодоход юм сурах сонирхолтой,  хичээнгүй,  нямбай,  сэтгэл зүрхтэй,  нийгмийн маш идэвхтэй 140 шахам хүн 5 дахь хичээлээ үзэж, судалж, суралцаж, ойлгож мэдэж, бичиж боловсруулж, өмнөх шигээ даалгавраа шалгуулж,  сорилоо өгч байна.

Бид хичээлээ бэлдэхдээ бүхнийг өөрөө хийгээгүй бөгөөд Монголынхоо алдар цуутнууд, нэртэй төртэй,  бүтээлч, авьяаслаг хүмүүсийн оюуны бүтээлээс чимх чимхээр ашиглаж байгаагаа видео хичээл бүрийн төгсгөлд нэр дурдан оруулсаар байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногоос эхлэн хичээлийн үндсэн хэсэг болох хэлц үгийг хэрхэн ашиглах, энэ нь дунд шатны хэлний зүйн аль дүрэмтэй нь холбогдох талаар хамгийн хамааралтай жишээг унших, ажиглах, нүдлэх,  ухаарах,  үлгэрлэх дасгалыг нэмж оруулах болсон. Үүнийг суралцагсад өөртөө татаж аваад аль л боломжтой,  дуртай цаг үедээ суралцаж болохуйцаар группдээ байршуулан сургаж байна.

Дунд шатны сургалтыг 12 дугаар сарын дундуур 12 + 9 = 21 дэх хичээлээр өндөрлүүлж,  оны эцсээр БСУГ-аас зарласан төрөл бүрийн уралдааныхаа дүнг нэгтгэн гаргаж, аймгийнхаа хэлний бодлогын салбар зөвлөлд тайлагнах байх гэж бодож байна.

-Таны бэлтгэсэн цахим хичээлүүд их сонирхолтой, суралцахад их энгийн, өгөөжтэй байдаг. Би хүртэл 6 дугаар ангийн хүүдээ таны анхан шатны хичээлүүдийг үзүүлж, бичүүлдэг. Ихэнх сургалтын үйл ажиллагаа цахим болж байгаа өнөө үед таны хичээл бэлтгэх аргачлал их хэрэгтэй санагдлаа. Боломжтой бол манай уншигчидтай хуваалцах уу?

-Тэр бололгүй дээ. Залууст хэрэг болно гэж бодоод цахим хичээл хийдэг аргачлалаа дэлгэрэнгүй хэлье ээ. Түүнийг хийхдээ:

Манай гэр бүл 5-6 хоногт нэг цахим хичээлийг бэлдэж, бямба, ням гаргийн шилжих шөнө бүр хичээлийг “нэрийн хуудас”-т байршуулдаг байлаа. Нэг хичээлийг бэлэн болгохын тулд:

-эхлэл хэсэгт байршуулах монгол хэлний гайхамшгийн тухай уран уншигчдын шүлгийг хайж олох,

-удиртгал хэсэгт байршуулах зургуудаа бэлдэх,

-үсгийн бүтцийг самбарт бичилгүйгээр ойлгуулах хөдөлгөөнт зургуудыг хайж олох,

-суралцагсдын нүдэлж мэдэх ёстой зураглалуудыг хийж бэлдэх,

-суралцагсдын сонсож мэдэх ёстой, даган унших сэдвүүдийг өөрсдийн дуу хоолойгоор аудио бичлэгийг гэрийн орчинд нэг бүрчлэн хийж, засварлаж бэлэн болгох,

-тухайн үе, үсэгтэй холбоотой цагаан толгойн дууг хэсэглэн хувааж, төгсгөлтэй нь холбон хичээл бүрийн эцэст оруулахад бэлэн болгох,

-өвөрмөц ба уламжлалт бичлэгтэй үгүүдийн харьцуулсан үзүүлэнгүүдийг бичиж бэлэн болгох,

-хамгийн хялбар аргаар бичих, унших, сонсох, ажиглах боломжтой видео бичлэгийг цахим ертөнцөөс эрэн олж, эзнээс нь зөвшөөрөл авч, тухайн өдрийн хичээлтэй холбоотой хэсгийг нь тасалж тайран тохирох газарт нь байршуулах,

-хичээл бүрийн төгсгөл хэсэгт чухам хэн гэдэг, нэр цуутай хүмүүсийн оюуны бүтээлээс эшлэл болгон авснаа албан ёсоор дурдахын тулд судалгаа хийж, бэлдэц бэлдэн заавал оруулдаг.

Энэ бүхний эцэст цахим хичээлийг бүрэн болгоход зохиолоо бичих, найруулах, зураглах, эвлүүлэх, засварлах, монтажлах, видео болгох гэсэн мэргэжлийн олон хүний шат дараалсан ажлыг бидэн хоёр чадлынхаа хэрээр хийж гүйцэтгэдэг.

Нэг цахим хичээл 15 -21 минутийн хугацаатай,  багтаамж буюу хэмжээ нь 150-252mb болдог.

-Таны бэлтгэсэн цахим хичээлийг үзэж, судалж байгаа хүн бүр таны зарцуулсан энэ их цаг хугацаа, нөр их хөдөлмөрийг үнэлж, ойлгож, хүндэтгэлтэйгээр хүлээж аваасай гэж хүсч байна. Энэ бүхнийг хийхэд ямар нэг бэрхшээл тулгарч байсан уу?

-Миний хувьд хичээлээ бэлдэх гэж олон цагийг зарцуулж, мэргэжлийн олон хүний хийдэг ажлыг хоёрхон хүн хийх нь багагүй бэрхшээлтэй байсан ч видео хичээлээ бэлэн л болгочихвол өөр бэрхшээл байхгүй байлаа.

Дунд шатанд сурах ном байхгүй яадаг билээ гэж сандарч байсан бол гэнэт санаанд багтаж, түүнийгээ хийж бүтээгээд санаа амарсан. Дахиж хэвлүүлэхдээ гарсан ганц нэг алдааг засчихна гэж бодож байгаа.

Оролцогчдоо бүртгэх, идэвхжүүлэх, оролцоог нь хангах, дүгнэх гээд нэгж дээр ажиллаж байсан мэргэжилтэн Л.Мөнхзулд бэрхшээл зөндөө л байсан байх даа. Олон хүнийг хамруулна гэдэг бас амаргүй ажил шүү дээ.

-2025 онд төрийн хэргийг хос бичгээр хөтөлнө гээд байгаа. Цахимаар аймаг орон нутагт ийнхүү үндэсний бичгээ зааж сургаж буй та бүгдийн энэ ажил Монголдоо бараг л анхных болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нийтээрээ монгол бичигтэй болохын тулд ямар аргачлалаар хэрхэн суралцвал зохилтой вэ? Та сургалтаа өөр аймгуудад үргэлжлүүлж явуулах уу?

-Цаашид Дундговиос өөр 500 буюу түүнээс дээш хүнтэй албан газар, хамт олон сургалт авъя, заалгана гэвэл   тэдэнд сурах бичгийг нь хэвлэж өгөөд, хаалттай группэд бүртгэн төлбөртэй хичээл зааж болох юм. Эсвэл сурах бичиг,  хичээлүүдийг файлаар нь худалдан авч болно.

Нийтээр монгол бичигтэн болоход цахим нь л хамгийн ашигтай. Яагаад гэвэл, суралцагсад цагт баригдахгүй, байршил хамаарахгүй “эрх чөлөөтэй”-гээр суралцдаг төдийгүй бие даан, өөрсдийгөө дайчилж суралцдаг. Багш нар маань ч бие биеэсээ суралцаж, туршлагажин чадваржиж байдаг.

Төгсгөлд нь базаад, дүгнээд хэлэхэд, зөвхөн үндэсний бичгээр хичээллэх академик сургалт биш бөгөөд суралцагсдыг эх хэлнийхээ хэрэглээнд ойртуулах, үгийн баялгийг нь нэмэгдүүлэх, утга санааг нь нээх далимдаа хүмүүжүүлэн сургах том агуулга, арга зүйг бодож номдоо шингээсэн юм. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн төгсгөл хэсэгт бичсэн монгол ардын уламжлалт зан заншил, өв соёлоос нягтлан мэдэж, хэлний гайхамшиг болсон хэлц үгийн утгыг ярилцсанаар өөрсдөө төдийгүй, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх арга ухаан хичээл бүхэнд агуулагдсан байгаа нь ахмад багш бид хоёрын хүмүүст илгээж байгаа нэг ёсны сургамж,  зөвлөгөө юм даа.

Санаж бодож,  хүсэж явдаг бүхнийг маань лавшруулан асуусан сэтгүүлч танд баярлалаа. Үг нь цэцэн,  үзэг нь хурц,  үйлс нь бүтэмжтэй байх болтугай!

-Сонирхолтой ярилцлага өгсөн Танд гялайлаа. Нутгийнхаа зон олны хөгжилд оруулж буй таны оюуны энэ их хөрөнгө оруулалтын үр шим удахгүй гарна буй за. Танд эрүүл энх байж, урт удаан, аз жаргалтай амьдрахын ерөөл өргөж, ажилд нь амжилт хүсье!

Холбоотой мэдээ