Нөхөн сонгуулийн санал хураалтын ирцийг шууд дамжуулан хүргэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн санал хураалтын ирцийг https://turnout.gec.gov.mn/ хаягаар шууд дамжуулан хүргэж байна.
Тус цахим хуудсанд мэдээлснээр 10.00 цагийн байдлаар Хэнтий аймагт санал өгөх бүртгэлтэй 50 748 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 747 иргэнээс 2 238 буюу 4.41 хувь нь санал өгчээ. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд санал өгөх 113 398 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 9 036 сонгогч байгаагаас 7 385 буюу 6.48 хувь нь санал өгөөд байна.
Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос 13:00, 17:00, 21:00 цагт ирцийн мэдээг олон нийтэд мэдээлэх юм.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм.
Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.