АНУ, БНХАУ-ын удирдагчид цахимаар уулзахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-07 16:28:46

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оны сүүлчээс өмнө цахимаар уулзахаар төлөвлөж байна гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан “CNBC” телевизийн сэтгүүлч Кайла Таушед лхагва гарагт мэдээлжээ.


“Хоёр орны удирдагчид хоёр талын цахим уулзалт хийх “зарчмын тохиролцоо”-нд хүрсэн. Энэхүү уулзалт нь хоёр орны хоорондын өрсөлдөөнийг зохицуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын нэгээхэн хэсэг болох юм” гэж төлөөлөгч хэлсэн байна.


“Ши Жиньпин “Хорийн бүлэг”, НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хурал /COP26/, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /APEC/ үйл ажиллагаануудад биечлэн оролцохгүй бололтой байгаатай холбогдуулан энэхүү уулзалтыг цахимаар зохион байгуулна” гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ. Уулзалтын талаар ойрын өдрүүдэд нарийн дэлгэрэнгүй хэлэлцэнэ.


Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн асуудал хариуцсан хорооны дарга Ян Жечи нар Швейцарын Цюрих хотноо уулзсаны дараа дээрх тохиролцоонд хүрчээ. Худалдааны маргаан, Тайваньтай холбоотой асуудлын улмаас хоёр орны харилцаа улам хурцдах болоод буй юм.


Даваа гарагт АНУ-ын Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай БНХАУ-ыг Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны үед байгуулсан худалдааны нэгдүгээр үе шатны хэлэлцээрийн хүрээнд өгсөн үүрэг амлалтуудаа биелүүлээгүй хэмээн буруутгаад, АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаална гэдгээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ