Коронавирусний вакцины нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-15 14:33:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр, коронавирусний гуравдугаар тунд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өглөө. 


Тэрбээр коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үйлчилгээний байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээг чанд мөрдүүлэх, олон нийтийг хамарсан ажил, найр хурим хийхгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг санууллаа. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч ажилчдын ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангалтгүй болж байгааг уламжлав. 

 

Ерөнхий сайд эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг сайжруулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. 


Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар 10 хүн нас барж, нийт тохиолдол 1114 батлагдав. Ковид-19-ын халдвартай 20 702 хүн Улаанбаатар хот, 21 аймгийн эрүүл мэндийн 62 байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөний 62,7 хувь нь хөнгөн, 27,6 хувь нь хүндэвтэр, 8,1 хувь нь хүнд, 1,5 хувь нь буюу 315 хүн маш хүнд байна. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд даалгав.


Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 212 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаа сэргээх буюу гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцинжуулалтын цэгийг нэмэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд тэмдэглэв.


Төрийн байгууллагуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал чуулган зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо.


Холбоотой мэдээ