Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-08 07:57:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл өчигдөр ээлжит хурлаа хийв.


Хуралд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Монгол Улсын 2020 оны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний явц, үр дүн”-г танилцууллаа.


Мөн виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх, ФАТФ-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт тайлагнах, Монгол Улсын 2021 оны явцын тайлан, цаашид шийдэх асуудлыг хэлэлцжээ.


Энэ хүрээнд Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийн техник хэрэгжилтийн дутагдлыг сайжруулах төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэлээ.


Хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар удирдаж, зөвлөлийн гишүүн 16 байгууллагын 31 төлөөлөл оролцов. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны захирамжаар байгуулсан юм.  

Холбоотой мэдээ