Хэнтий аймгийн сумдыг авто замаар холбох ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-28 14:19:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын ахалсан ажлын баг энэ сарын 24-26-нд Хэнтий аймгийн ажил байдалтай танилцав.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар ажлын хэсэгт хамт ажилласан бөгөөд тус аймагт одоо тавьж байгаа болон ирэх жилүүдэд тавих хатуу хучилттай авто зам, “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.


Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу хэд хэдэн сумыг хатуу хучилттай авто замаар холбохоор болсон. Энэ хүрээнд одоо баригдаж буй зам, гүүрийн барилга угсралтын бүтээн байгуулалтууд, мөн 2021-2024 онд шинээр баригдах хатуу хучилттай авто замын чиглэл, трассыг газар дээр нь очиж судлан сум, орон нутгийн удирдлагууд, иргэдийн саналыг сонслоо. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Жаргалтхаан сум хүртэл 50 км, Жаргалтхаан сумаас Өмнөдэлгэр сум хүртэл 54 км, Өмнөдэлгэр сумаас Биндэр сум хүртэл 120 км, Өндөрхаан-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр чиглэлийн 190 км хатуу хучилттай авто зам барих трассын дагуу явж газар нутгийн онцлог, гол, усны голдирол, хөрсний бүтэц зэргийг судалж, замын зураг төсөв боловсруулахад юун дээр анхаарах вэ гэдэгтэй ажлын багийнхан танилцсан.   


Зам, тээврийн сайд Л.Халтарын хувьд очиж уулзсан сум бүрийн удирдлагуудад хоёр зүйлийг онцгойлон анхааруулж байсан. Нэгдүгээрт, авто зам тавигдах маршрут, трассын дагуу газар олголт хийгдээгүй байх, хийгдсэн бол цэгцэлсэн байх, хоёрдугаарт, түгээмэл тархацтай ашигт малтмал болон ашигт малтмал ашиглах, хайх тусгай зөвшөөрлүүдийг цэгцэлсэн байхыг чиглэл болгов.    


Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат орон нутагт, тэр дундаа түүхэн дурсгалт газруудыг түшиглэж цогцолбор байгуулах болсонтой зэрэгцээд агаарын болон авто замын дэд бүтцийг байгуулах шаардлага байгааг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ингэснээр тус аймагт гадаад, дотоодын аялал жуулчлал хөгжихөөс гадна хөрш ОХУ, БНХАУ-ыг босоо тэнхлэгээр холбосон авто замын сүлжээ бий болж, нутгийн иргэдэд ажлын байр нэмэгдэх, бодитой орлоготой болох зэргээр үр өгөөж нь ирэх  ач холбогдолтой. Зөвхөн нутгийн иргэд төдийгүй монголчуудын хувьд маш том давуу тал бий болно хэмээн онцолж байлаа. Тэрбээр, "Манай аймаг бол Монголын түүхэн он цагийг өөртөө шингээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой. Их эзэн Чингис хааны төрөлх нутаг гэдгээс эхлээд “Монголын нууц товчоо” бичигдсэн, төрт улс үүсэн бий болсон туурь оршдог, Их Монголын анхны их хуралдай хуралдаж байсан гэх мэтээр уул, ус, тал, хээр, дов толгод бүр нь түүхэн он цагтай холбогддог. Энэ бүхнийг хадгалж үлдээхийн тулд Хэнтий аймагт ойрын жилүүдэд түүхэн хэд хэдэн цогцолбор байгуулахаар зорьж байна. Эдгээрийг хатуу хучилттай авто зам, агаарын тээвэр зэрэг дэд бүтцээр 2024 он гэхэд холбож гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байгаа. Хэнтий аймагт одоо таььж буй Өндөрхаан-Бэрх-Норовлин-Дадал, Бор-Өндөр-Даланжаргалангийн хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар хойшоо Ульхан боомтоор ОХУ руу, урагшаа Замын-үүд боомтоор БНХАУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдох боломжтой болно.” гэлээ.


Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгохоор Засгийн газар шийдвэрлэсний дагуу нийт зургаан томоохон цогцолбор барихаар болсон юм.

Холбоотой мэдээ