Сурагчдаас түүврийн аргаар сонгон коронавирусний шинжилгээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-25 15:15:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг өнөөдөр танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-Хүүхдүүдэд өгөх уургийн бэлдмэлийг үйлдвэрлэнэ гэж мэдээлж байсан. Үүнийг үйлдвэрлэх судалгаа, шинжилгээ эхэлсэн үү?


-Манай улс уургийн бэлдмэл буюу глобулиныг 2000 оны эхээр үйлдвэрлэж байгаад түр зогссон байсан. Судалгааг дахин эхлүүлж, үйлдвэрлэх чиглэл өгнө. Одоогоор турших явц үргэлжилж байна. Үүнийг аль ч насныхан хийлгэж болдог онцлогтой. Энэ нь дархлалын системийг дэмжих зорилготой эсрэг бие гэсэн үг юм. Эхний ээлжид 12-оос доош насны хүүхдэд хийнэ. Ялангуяа ханиад томууны улирал эхэлж байгаа энэ үед глобулины үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл хүүхдийн дархлааг дэмжих боломжтой гэж үзсэн тул судалгааг эрчимжүүлээд байна. 


-Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдээс шинжилгээ авч байна. Бага насны хүүхдүүд хамрын салстаар шинжилгээ өгөхөд зовуурь ихтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?


-Хүүхдээс заавал хамрын салстаар ПСР шинжилгээ авах шаардлагагүй, залгиураас авах боломжтой. 


-Засгийн газраас хичээл сургуулийг ирэх сараас эхлүүлэх шийдвэр гаргасан. Одоогоор хүүхдийн өвчлөл ямар хувьтай байна вэ?


-Хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 25-30 хувийг эзэлж байсан, одоо ч хэвээрээ байна. Өдөрт гарч байгаа тохиолдлын 30 хувийг хүүхэд эзэлж байна гэсэн үг. Гэхдээ насны бүлгээр нь авч үзвэл 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл вакцинжуулалттай холбоотойгоор харьцангуй буурч байна. Тодруулбал, хүүхдийн өвчлөл дотор 12-17 насныхны өвчлөл 16 хувийг эзэлж байсан бол одоо 6 хувь болж багассан байгаа юм. Харин 5-11 насны хүүхдийн өвчлөл 40 хувь болж нэмэгдсэн. 


-Хичээл, сургууль эхлэхтэй холбоотойгоор хүүхэд бүрээс шинжилгээ авах уу?


-Сургууль, цэцэрлэг эхлэх үед хүүхдүүдээс толгой дараалан шинжилгээ авахгүй. Тухайлбал, тухайн сургуульд нэгдүгээр ангид 100 хүүхэд байлаа гэж бодоход 5-10 хүүхдийг түүврээр сонгон авч шинжилгээ хийнэ. Хүүхэд бүрээс шинжилгээ авна гэж ойлгож болохгүй. 


-Вакцины нэмэлт тунг нийт иргэддээ хэзээнээс хийж эхлэхээр төлөвлөж байна вэ?


-Коронавирус бол дэлхийд шинэ вирус бөгөөд одоо ч судалгаа өрнөж байгаа. Шинээр гарсан вакцинууд бүгд судлагдаж, үр дүнгүүд нь томоохон сэтгүүлд хэвлэгдэж эхэллээ. Манай улс ч дотооддоо судалгаа явуулж, үр дүнд хүрч байна. Иргэд Синофармын вакцин хийлгэсэн хүн Файзерын вакцин хийлгэж болох эсэх талаар асууж байна. Нэмэлт тун хийх судалгааны ажил эхэлсэн бөгөөд үр дүн гарч байгаа. Гэхдээ ДЭМБ нэмэлт тунгийн асуудалд нухацтай хандаж байна. Учир нь дэлхийн улс орнуудад вакцинжуулалт хангалтгүй байна. Зарим улс орон нийт иргэдийнхээ 10 хувийг ч вакцинд хамруулж чадаагүй байна. Тиймээс ДЭМБ-аас нэмэлт тун хийх асуудалд хүлээцтэй хандаж, дүгнэлт өгнө гэсэн шийдвэртэй байгаа. Вакцинжуулалт өндөр хувьтай байгаа улс орон, тухайлбал Израилд гурав дахь тунгаа эхэлчихсэн. 

Манай улс урьдчилсан байдлаар, 60-аас дээш насныханд нэмэлт тун хийх судалгааг эхлүүлсэн бөгөөд ойрын хугацаанд дэлгэрэнгүй мэдээлнэ. 


-Вакцины нэмэлт тунг төлбөртөй хийхээр төлөвлөж байна уу?


-Одоогоор Засгийн газраас вакцин төлбөртэй хийх шийдвэр гаргаагүй. Засгийн газраас вакцины гурав дахь тунг татан авах ажлаа үргэлжлүүлж нөөц бүрдүүлээд байгаа тул төлбөрийн асуудал яригдахгүй. 

Нэмэлт тунд Файзерын вакциныг сонгож байгаа. Манай улсад байгаа 60-аас дээш насны 450 мянган иргэнд хийх нөөц бүрдэж, төлөвлөгөөг бэлдсэн. 


-Хичээл сургууль эхэлснээр халдварын тархалт нэмэгдэж хөл хорио тогтоож магадгүй гэж яригдах боллоо. Энэ асуудалд албан ёсны тайлбар өгнө үү?


-Одоогоор ЭМЯ болон УОК-д хөл хорио тогтоох асуудал яригдаагүй. Би өөрөө эцэг хүний хувьд хоёр жил сургууль завсардсан хүүхэддээ санаа зовж байна. Тухайн хүүхдэд алсдаа ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тиймээс ЭМЯ-наас аль болох хөл хорио тогтоохгүй, хүүхдийн хичээл сургуулийг эхлүүлж, халдвар хамгааллыг ягштал баримтлах бодлого баримтлах зорилготой байна. Үүнд эцэг эхчүүд хариуцлагатай хандах шаардлагатай. 


-Монгол эрдэмтдийн бүтээсэн ПСР шинжилгээний оношлуурыг хэрхэн ашиглаж байна вэ, үйлдвэрлэл нь зогссон гэсэн мэдээлэл гарч байна?


-Тус оношлуурыг ЭМЯ-наас дэмжиж Монголдоо үйлдвэрлэж байгаа. Нэг оношлуур 31 600 төгрөгийн өртөгтэй. Зарим эрүүл мэндийн байгууллагад оношилгоонд ашиглаж байна. Үйлдвэрлэл нь зогсоогүй. ЭМЯ-наас худалдан авалт хийж байна. Эхний судалгаа гарч, гэрчилгээгээ аваад үйлдвэрлээд явж байгаа. Энэ долоо хоногоос эхлэн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилна.

Холбоотой мэдээ