ЭЕШ-д оролцогчдоос вакцины гэрчилгээ, шинжилгээний хариу шаардахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2021-08-10 15:55:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-нд эхэлнэ. Цар тахлын улмаас хойшлуулаад байсан ЭЕШ-ыг энэ удаа 81 байранд, нэг ангид 1-15 хүүхэд  суулган, ширээ хоорондын зай 1.5-2 метр байж шалгалтыг авах талаар БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна. 

Шалгалт өгөх хүүхдүүдээс вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, өвчлөөд эдгэсэн магадалгаа, шинжилгээний хариу шаардахгүй. Бүртгүүлсэн бүх хүүхэд шалгалт өгөх боломжтой бөгөөд шалгуулагчдаас зөвхөн иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн 4 төрлийн бичиг баримт шаардах юм байна. Харин их, дээд сургуульд элсэгчдийг дархлаажуулалтад заавал бүрэн хамрагдсан байхыг шаардах аж. 




Энэ удаагийн ЭЕШ цар тахлаас үүдэн хойшлогдсон учир шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст дахин хандан суудлын хуваариа шинээр хэвлэж авахыг мэдэгдэж байна. 





ЭЕШ-д оролцож ажиллах багш нарын нөөц хангалттай байгааг мөн мэдээлж байна. Учир нь 8 дугаар сарын 10-наас багш нарын ээлжийн амралт дуусаж, бүгд ажилдаа орж байгаа аж. Тиймээс ЭЕШ-д сонгосон, халдварын эсрэг вакцинд хамрагдсан багш нар тухайн үед КОВИД-19-ийн халдвар гэнэт авах юм уу ойрын хавьтагч боллоо гэхэд нөхөн ажиллуулах багш нар хангалттай бэлэн байгаа аж.





ЭЕШ-ын үеэр коронавирусний халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа, эсвэл гэртээ тусгаарлагдсан хүүхдүүд 9 дүгээр сарын 2-5-нд шалгалт өгнө. Энэ тохиолдолд хүүхдүүдээс эмчийн магадалгаа шаардана. Өөрөөр хэлбэл, коронавирусний улмаас хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулсан шалгалтыг дахин зохион байгуулна. Ингэснээр бүх хүүхэд их, дээд сургуульд элсэх боломж бүрдэх аж. Энэ сард КОВИД-19-ийн улмаас хэдэн хүүхэд шалгалт өгч чадаагүйг судалж, тэдэнд зориулсан шинэ даалгавар боловсруулах ажлын хэсгийг дахин томилно гэдгийг мэдээллээ. 




Р.Батхишиг

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ