Хүний эрхийн үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах саналыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, ХЭҮК нь хүний эрхийн зарчимд нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний соёл, уламжлалын онцлогийг шингээсэн хүний эрхийн тогтолцоотой болох, боловсрол, соёлыг бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар танилцуулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөө, тэгш байдлыг хангасан нь маш чухал дэвшил байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ. Үндсэн хуулиар олгосон хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өндөр үнэ цэнээр олж авсан ардчиллын суурь зарчмууд, үнэт зүйлээ хадгалахад Төрийн тэргүүний зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа, сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хүний эрх нь нийгмийн тулгамдсан асуудал болсон учраас онцгой дэглэмийн үед ч хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд ХЭҮК-оос онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг санууллаа.
Цаашид хүний эрхийн асуудлаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн ойлголтыг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэн бойжуулах нь хамгаас чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон юм. Ийм учраас ХЭҮК-той нягт хамтран ажиллаж, Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр Хүний эрхийн үндэсний чуулганыг зохион байгуулдаг уламжлалыг сэргээх саналыг сайшаан дэмжлээ.
ХЭҮК-ын гишүүд нийгэмд тулгамдаад буй хурдан морь унаач хүүхдүүдийн эрх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрх, ажлын байрны бэлгийн дарамт, төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн бусад зөрчлийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ хэлэв.
Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрхийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах, цахим орчинд хүний эрх зөрчигдөх явдалтай тэмцэх, цар тахлын улмаас тулгарч буй хүний эрхийн сорилтуудыг даван туулах шаардлагатай байгаа учраас 2003 онд батлагдсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах, Монгол Улс дахь хүний эрхийн индексийг боловсруулж, УИХ-д илтгэлийн хамт өргөн барьдаг болох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК бүх цаг үед анхаарч ажиллах ёстойг мөн сануулж, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.