ЭЕШ авах 81 байрыг бэлтгээд байна

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2021-07-27 19:27:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг өмнө нь 45 байранд авахаар төлөвлөж байв. Тэгвэл одоо нэг ангид 12-15 хүүхэд байхаар тооцож 81 байрыг бэлтгээд байгаа талаар Боловсролын үндэлгээний төвөөс мэдээлж байна. Үүний 39 нь нийслэл Улаанбаатар хотод, 42 нь аймаг, орон нутагт байна. Шалгалтын байр нэмэгдсэн учир шалгуулагч сурагчид суудлын хуваариа дахин шинээр хэвлэж авах шаардлагатай байгаа аж. 

Мөн ЭЕШ-ын хугацааг дахин товлосон учир үүний өмнө боловсруулсан сэдэв, даалгаврыг шинээр боловсруулах шаардлагатай болжээ. Энэ ажлыг өмнө нь ажилласан бүрэлдэхүүнээс өөр, шинэ баг, багш нар хийж гүйцэтгэхээр ЭЕШ-ын сэдэв, даалгавар боловсруулах багш, ажилтны баг өчигдрөөс ажилдаа ороод байна. Тэд шалгалт эхлэх хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос зайдуу, гар утасны сүлжээгүй газарт тусгай хамгаалалт дор ЭЕШ-ын материалыг бэлтгэж эхэлжээ. 




Өнөөдрийн байдлаар ЭЕШ-д оролцох нийт шалгуулах сурагчдын 38 мянга гаруй нь вакцины хоёр дахь тундаа хамрагджээ. Мөн шалгалтын үеэр ажиллах 9000 гаруй багш дархлаажуулалтанд бүрэн хамрагдаад байна. 

Халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа ч вирусний дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. ЭЕШ-ыг дахин хойшлуулахгүйгээр ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.



Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ