ОУХМ Э.Билэгсайхан Токиог зорих эрх авлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-06-14 09:12:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн +87 кг-д Монгол Улсын тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Билэгсайхан Ази тивийн квотоор Токиог зорих эрхээ авлаа.


Өнөөдрийн байдлаар Токиогийн олимпын эрхийн тэмцээнүүд ихэнх нь өндөрлөж, спорт холбоод олимпын сонгон шалгаруулалтаа дуусгаж зарлах мөч ойртсоор байна.

 

Өчигдөр Олон улсын хүндийг өргөлтийн холбоо /International Weightlifting Federation/-ноос “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчдын жагсаалтыг гаргалаа. Туйванчид Токиод эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөх бөгөөд нэг жинд 14 тамирчин оролцоно.

 

Дэлхийн чансаагаар жин тус бүрийн эхний 8-д шалгарсан туйванчид эрхээ шууд авна. Харин энэ 8 эрх дээр дээр тив бүрийн төлөөлөл болгон тивийн чансааг тэргүүлэгч эхний 5 туйванч нэмэгдэж 13 болох юм байна. Ингээд үлдсэн ганц эрхийг зохион байгуулах оронд, эсвэл ОУОХ, ОУХӨХ, “Токио 2020” ЗБХ гурван талт комиссын шийдвэрээр олгох юм.


Өчигдөр зарласан жагсаалтаар +87 кг-д Э.Билэгсайхан тивийн квотоор эрх авах тамирчинд багтжээ. Монголын  эмэгтэй хүнд жингийн туйванчдаас ОУХМ цолыг анх хүртсэн Э.Билэгсайхан Дэлхийн цомын болон Ази тивийн хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл, Азийн  цомын 3 мөнгө, 3 хүрэл медальтай, Монгол Улсын рекорд амжилтыг 48 удаа шинэчлэн тогтоосон, 23 настай, манай шилдэг залуу туйванчдын нэг билээ.

 

Одоогоор Монголын баг тамирчид спортын 7 төрөлд эрх аваад байгаа бөгөөд чөлөөт бөх 9, буудлага 4, бокс 3, хөнгөн атлетик 3, ширээний теннис 2, байт харваа 1, мөн 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг Токиог зорино.

Холбоотой мэдээ