Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-11 15:10:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг батлав.


Хуулийн төсөлд ээлжит сонгуулийн дүнгээр олонхын санал авсан У.Хүрэлсүхийг Монгол Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхөөр тусгасан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх удаа 6 жилээр сонгох сонгуулийн санар хураалт энэ сарын 9-нд болсон бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авлаа. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 937  хүн өгсөн нь нийт саналын 5.92 хувийг эзэлж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй байна.


Дээрх хуулийг чуулганд оролцсон 63 гишүүнээс 61 нь дэмжиж баталсан юм.

Холбоотой мэдээ