Япон, БНСУ-ын удирдагчид “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын үеэр уулзах төлөвгүй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-07 09:25:11

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Их Британид болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Интэй уулзахаар төлөвлөөгүй байна гэж Японы Засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ.


Английн баруун өмнөд нутгийн Корнуолл гүнлэгт зургаадугаар сарын 11-13-нд болох дээд хэмжээний уулзалтын үеэр С.Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентэй уулзахаар товлоод буй бөгөөд Мүн Жэ Интэй гурван талын уулзалт хийж магадгүй гэж уг мэдээлэлд ойр бусад хүмүүс мэдээлсэн байна. “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Их Британи Мүн Жэ Инийг дээд хэмжээний уулзалтад зочны хувиар биечлэн оролцохыг уриад байгаа юм.


Гэвч Японы Засгийн газар дайны үеийн асуудлуудаарх яриа хэлэлцээнд дорвитой ахиц дэвшил гарах төлөвгүй байгаатай холбоотойгоор энэ цаг үед БНСУ-тай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхийг тун бага ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ. “Хоёр талын уулзалтын талаар ямар ч бэлтгэл хийгдээгүй байгаагаас гадна одоогоор ийм төлөвлөгөө байхгүй” гэж Японы Засгийн газрын өндөр албан тушаалтан “Kyodo” агентлагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ