Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-05 17:05:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат коронавирусний халдвар авсан бөгөөд Улсын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнтэй холбогдуулан нийгмийн сүлжээнд гарсан сөрөг мэдээлэлд тэрээр утсаар тайлбар өгөв. 


Тэрбээр, "21 дүгээр зуунд мэтгэлцээндээ цахимаар оролцох боломжтой гэж бодож байна. Олон улсад улс төрийн үйл ажиллагаанд цахим технологи ашиглаж эхэлсэн. Монгол Улс ч улс төрийн түүхэндээ цахим хэлэлцүүлэг хийдэг соёл тогтоох нь зүй. Сонгуулийн сурталчилгаа эхлэх үеэр, гурван нэр дэвшигчээс PCR шинжилгээ авсан бөгөөд миний хариу сөрөг гарсан тул орон нутаг руу сурталчилгаа хийхээр явахыг зөршөөрсөн. Тэгэхээр, би орон нутагт халдвар тараасан биш, харин хөдөө явж байхдаа халдвар авсан гэж дүгнэж байна" хэмээн тайлбар өгөв. 


Мөн түүнээс вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй шалтгааныг тодруулахад, "Би хотоос 26 км-ийн зайтай газар амьдардаг. Тавдугаар сарын 8-наас хатуу хөл хорио дуусмагц нэгдүгээр тунгаа хийлгэсэн. Уг нь манай компани гуравдугаар сарын 15-нд нийтээрээ "Спутник-5" вакцин тариулахаар Интермэд эмнэлгээс захиалсан ч ирээгүй. Тиймээс Синофармын вакцин хийлгэсэн бөгөөд дараагийн тунг тавдугаар сарын 30-нд хийлгэх байсан. Эмч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн, ачаалал ихтэй үед вакцин тариулах нь буруу гэж хэлсэн. Ер нь бол хоёр тун вакцин тариулсан хүн ч халдвар авна, тараана. Вакцин бол тэр хүнийг хүнд өвдөхөөс хамгаалдаг болохоос халдвар тараахаас хамгаалахгүй" хэмээсэн юм. 

Холбоотой мэдээ