Хөшигийн хөндийн замын хагарлыг хөдөлгөөн нээхээс өмнө засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-02 17:12:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замд хагарал үүссэнтэй холбоотойгоор ЗТХЯ-наас өнөөдөр товч тайлбар мэдээлэл өглөө.


ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаагийн мэдээлснээр, Улаанбаатараас шинэ нисэх буудал хүрэх Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 2016 оноос тавьж, 2019 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулсан. Өнөөдрийг хүртэл бараг ашиглаагүй. Тус замд өнгөрсөн жил хагарал гарч эхэлсэн. Одоо замын ирмэгээс 3.5 м зайд 115 м хагарал үүсээд байна. Үүнийг замын технологитой холбоотой эвдрэл гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.


Ойрын хугацаанд дүгнэлтээ гаргаад засварын ажлыг хийнэ. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани үүнийг хийх ёстой. Зам тээврийн хөгжлийн төв хагарлын шалтгаан нөхцөлийг тодорхойлж байна. Засварын зардлыг БНХАУ-ын гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Засгийн газраас мөнгө гарахгүй гэдгийг мэдэгдлээ.


Тус замыг Улсын комисс 2019 оны 9 дүгээр сард хүлээн авчээ. Хучилтын хувьд, тус зам дээд үедээ харлуулсан дайрган үе 10 см, асфальт 10 см, нийтдээ 20 см. Мөн 6 см суурь асфальт, 6 см өнгөц асфальт бий. Доороо бол цементээр хучсан суурь 20 см, буталсан чулуун суурь 20 см, үндсэндээ 80 см орчим даацын үетэй аж. "Тухайн үед зам хагаралгүй байсан учир Улсын комисс хүлээн авсан байх. Гүйцэтгэгч компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажлыг дуусгана гэж бидэнд мэдэгдсэн" гэдгийг тэрээр хэллээ.


Холбоотой мэдээ