Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж буй эсэхийг хатуу хянахыг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-05-30 15:17:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг коронавирусний тархалт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл болон халдвараар нас барах тохиолдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Вакцинжуулалтын явц энэ сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин нийслэлд 99.4 хувь эхний тунд хамрагдсан бол 74.4 хувь хоёр дахь тунд хамрагджээ. 6 дугаар сарын дунд үеэс нийт хүн ам вакцины 2 дахь тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн эзлэх хувь ихсэх учраас халдварын нөхцөл байдал тогтворжиж нас баралт буурах хандлага ажиглагдаж байна гэж эрдэмтдийн баг үзжээ.

Монгол Улсад вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна. Эдгээр иргэний халдварт өртсөн шалтгааныг тодруулахаар эрдэмтдийн баг, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Архаг хууч өвчтэй иргэд коронавирусний халдварт илүү өртөмтгий байгаа аж. Халдвараар нас барсан тохиолдлын дийлэнх хувийг ч мөн суурь өвчтэй иргэд буюу хорт хавдар, бөөрний архаг дутагдал, сүрьеэ, уушгnны  хүнд өвчтэй хүмүүс эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ. 

Хорт хавдрын эцсийн шатанд орсон иргэдээс гадна суурь өвчтэй гэдгээ мэдэхгүй байсны улмаас коронавирусний халдварыг хүндрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг хожуу авч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

 Шадар сайд С.Амарсайхан ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, ялангуяа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй ААН-үүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хатуу хяналт тавихыг нийслэлийн удирдлагад үүрэг болголоо.

Халдвараар нас барсан тохиолдлыг бууруулах чиглэлээр бусад улс оронд авч хэрэгжүүлж буй туршлагыг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудын ЭМЯ, харьяа газруудтай хамтарч ажиллахыг Шадар сайд салбарын яамныханд даалгав. Мөн генетикийн судалгаа хийх ажлыг эрчимжүүлж, мутацлагдсан халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох бусад албаныханд өгөөд байна.



Холбоотой мэдээ