Чөлөөт бүсийн менежментийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарт өгөх нь зүйтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-28 19:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр бизнесийнхэнтэй уулзах үеэр ААН-үүдийн муу зээлийг хар жагсаалтаас нэг удаа гаргаж цагаатгана гэдгээ мэдэгдсэн. Мөн Монголын Худалдаа, аж үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэхээр өргөн барьж, энэ талын хууль эрхзүй бүрдэж ирснээр төр-хувийн хэвшил илүү хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар өнөөдрийн уулзалтад оролцсон зарим бизнес эрхлэгчийн байр суурийг хүргэж байна. 

Улаанбаатар хотын Худалдааны танхимын дарга, эдийн засагч Д.Ганхуяг, Монголын төр, засгаас "COVID"-19"-ийн цар тахлын нөхцөлд ААН-үүдийг НДШ-ээс чөлөөлөх, зээлийн төлбөрүүдийг хойшлуулах, тодорхой хуулийг өөрчлөх зэргээр бусад улс орноос дутахгүй, сайн арга хэмжээ авч ажилласан. Төвбанк бодлогын хүүг буулгаснаар зээлийн хүү тогтвортой буурч, үүн дээр "далимдуулан" эдийн засгийн шинэ цаг үед нийцүүлэн арилжааны банкуудыг олон нийтийн болгох, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх том боломж гарч ирлээ. 



"COVID"-19"-ийн нөхцөлд төр, засгаас эдийн засагт авч буй арга хэмжээ, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг  бизнес эрхлэгчдийн төлөөлөл дэмжиж байгаагаа илэрхийлэв.



Өнөөдөр банкны зээл аваад төлж чадахгүй байгаа ААН-үүдийг төр, засаг нь нэг удаа харж үзэн дэмжиж буй нь зүйн хэрэг юм. Тиймээс УИХ-ын даргын өнөөдөр бизнесийнхэнтэй уулзсан яриаг зөв зүйтэй алхам хэмээн үзэж, харин хэрэгжүүлэхдээ нуглаа гаргаж болохгүй. Эдийн засагт том гажуудал гаргаж болохгүй, энэ талаар зарлахдаа ч гэсэн болгоомжтой хандаж зээлээ төлөхгүй байгаад нь буруу сэдэл өгөхгүйгээр, учир шалтгааныг нь заавал гаргаж хийгээрэй гэж бодож байна. 




"Барс групп"-ийн ерөнхий захирал, МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүн Ч.Амарбаатар, төр, засгаас "COVID"-19"-ийн цар тахлын нөхцөлд, түүний дараа яах вэ гэдгээ авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон асуудлаа тавьж буй байдлыг талархалтай хүлээн авч байна. Тухайлбал, Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн тэргүүний хувьд олон жил яригдсан Чөлөөт бүсийн байдал урагштай хөдөлж магадгүй гэсэн найдвар мөн төрж байна. 

Чөлөөт бүсийг хөдөлгөхдөө, хуульд зааснаар Чөлөөт бүсийн менежментийг хувийн хэвшилдээ, хөрөнгө оруулагч нартаа өгөх буюу авч болох тухай байгаа. Тиймээс энэ талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Чөлөөт бүсүүдийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлтэй хамтарч ажиллах боломж байгаа гэж харж байгаа. 


Холбоотой мэдээ