“Запад-2021” сургуульд мотобуудлагын салаа оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын БХЯ-наас жил бүр зохион байгуулдаг “Запад-2021” стратегийн команд штабын сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал өчигдөр цахимаар боллоо.
Төлөвлөлтийн хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр оролцон, тус сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчин удирдлагын бүлэг, мотобуудлагын салаа оролцуулахаар болсныг илэрхийлж, харилцан санал солилцлоо.
Энэ үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчний Ажиллагааны удирдлагын газрын дарга, дэслэгч генерал А.Н.Петров сургуульд оролцогч орнуудын төлөөлөлтэй нэг бүрчлэн ярилцаж, зарим асуудлыг тодотгов. Төлөвлөлтийн хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэрэг, агаарын атташе, хурандаа П.Г.Анисов, БХЯ-ын ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр нарын албаны хүмүүс оролцсон талаар ЗХЖШ-аас мэдээллээ.
Дэлхийн 18 орны Зэвсэгт хүчний төлөөлөл оролцож буй дээрх сургуулийн төлөвлөлтийн хуралд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцож байр сууриа илэрхийлж, сургуулийн сэдэв, явах газар орон, оролцох бүрэлдэхүүний талаар санал солилцлоо. Энэ жилийн “Запад-2021” стратегийн команд штабын сургууль “Холбоотон улсуудын цэргийн аюулгүй байдлыг хангах сонирхолд цэргийн бүлэглэл (хүч)-ийг хэрэглэх нь” сэдвийн хүрээнд хоёр үе шаттай болох юм.