Нью-Йоркт вакцин хийлгэсэн хүмүүс битүү орчинд амны хаалт зүүх шаардлагагүй болно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-18 12:27:05

НЬЮ-ЙОРК. /RT/. АНУ-ын Нью-Йорк муж улсад коронавирусний вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн хүмүүст битүү орчинд амны хаалт зүүх шаардлагыг лхагва гаргаас цуцлахаар болсныг муж улсын захирагч Эндрю Куома мэдэгджээ.


"Хэрэв та вакцин хийлгэсэн бол бүх зүйл аюулгүй, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих шаардлагагүй" гэж тэрбээр хэлсэн байна.


Гэхдээ тээврийн хэрэгсэл дотор амны хаалт зүүх шаардлага дор хаяж есдүгээр сар хүртэл хүчинтэй байх аж. Түүнчлэн асрамжийн газар, сургууль, эмнэлэг, эмчийн өрөө, орон гэргүй хүмүүсийн байр, шоронгуудад амны хаалт заавал зүүнэ.


Нью-Йорк муж улс сарын эхнээс хэвийн амьдралдаа эргэн орж эхэлжээ. Тус муж улсын эрх баригчид кафе, ресторан болон олон нийтийн газруудад тогтоосон хязгаарлалтыг энэ сарын 19-нөөс цуцлахаар төлөвлөж байна. 


Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв коронавирусний вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн хүмүүст амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч хотуудын олон оршин суугч, тэр ч байтугай вакцин хийлгэсэн хүмүүс амны хаалтгүй явахаас эмээсэн хэвээр байна.


Холбоотой мэдээ