Их Британийн парламентын гишүүд хамтран зүтгэгчийнхээ дурсгалыг хүндэтгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-21 07:44:50

ЛОНДОН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт буудуулан амиа алдсан хамтран зүтгэгч Жо Коксын гэгээн дурсгалыг Их Британийн парламентын гишүүд хүндэтгэлээ.

Хөдөлмөрийн намаас парламентад сууж байсан гишүүн агсны дурсгалыг хүндэтгэн даваа гарагт тусгай хуралдаан зохион байгуулж, түүний ширээн дээр цагаан болон улаан сарнай цэцгүүд тавьсан байлаа. Түүний нөхөр болон хоёр хүүхэд нь уг хуралдааныг үзжээ.

Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин хэлэхдээ “Коксыг хөнөөсөн этгээд улс төрийн хэт давруу үзэлтэн байх магадлал өндөр байна. Ийм эмгэнэлт явдал тохиолдоод байгаа энэ үед бид улс төрийг хамтдаа өөрчилж чадна” гэжээ.

Дүрвэгчдийн болон бусад асуудлыг шийдвэрлэхэд Коксын оруулсан хувь нэмрийг Ерөнхий сайд Дэвид Кэмерон өндрөөр үнэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Коксын хязгааргүй их эрч хүч түүнийг мэддэг бүх хүний амьдралыг гэрэлтүүлж, түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй олон хүний амь насыг аврахад тус болсон” гэв.

Дараа нь Их Британийн парламентын гишүүд гэгээн Маргаретын сүмд очин Кокс агсны дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ