Япон, АНУ, Францын хамтарсан сургууль Кюшю арал дээр эхэллээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-11 09:53:32

ТОКИО. /Kyodo/. Японы Өөрийгөө хамгаалах хүчин Францын цэргүүд болон АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпустай хамтарсан сургуулилалт хийж эхэлжээ.


Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, сургуулилалт баруун өмнөд Кюшю арал дээр Кагошима, Миязаки, Нагасаки мужуудын нутаг дэвсгэрт болох бөгөөд 200 гаруй хүн оролцоно.


Хамтарсан сургуулийн хүрээнд Францын хөнгөн крейсер болох "Жанна д'Арк" хөлөг онгоц Сасебо боомтоор нэвтэрнэ. Японы талаас Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний шуурхай хариу арга хэмжээ авах газар уснаа явагч элит бригад оролцоно. Түүнчлэн “Kyodo” агентлагийн мэдээлж буйгаар, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн “MV-22 Osprey” нисэх онгоц оролцох төлөвтэй байна.


Хамтарсан сургууль тавдугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд гурван орны цэргүүд алслагдсан арлууд дээр буух зэрэг хэд хэдэн хамтарсан ажиллагааны тактик боловсруулна. Энэхүү сургуулилалт нь гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлж, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгахад нөлөө үзүүлнэ гэж Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобуо онцлон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ