Израилын сөрөг хүчний удирдагч эвслийн Засгийн газар байгуулах үүрэг хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-05-06 11:22:17

ЙЕРУСАЛИМ. /Anadolu/. Израилын Ерөнхийлөгч Реувин Ривлин эвслийн Засгийн газар байгуулах эрхийг сөрөг хүчний удирдагч Яир Лапидад шилжүүлэн өгчээ.


Yesh Atid” намын намын дарга Я.Лапид 56 хууль тогтоогчийн дэмжлэгийг авснаар Засгийн газар байгуулах эрхтэй боллоо” гэж Р.Ривлин мэдэгдсэнийг Израилын “KAN” телевиз уламжилсан байна.


Р.Ривлин Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг өмнө нь Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд өгсөн боловч тэрбээр өөрт олгогдсон 28 хоногийн хугацаандаа 120 гишүүнтэй парламентын 61 гишүүний дэмжлэгийг авч чадаагүй юм.


Израилын хуулийн дагуу, Засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг хүлээсэн хоёр дахь хүн үүргээ биелүүлж чадахгүй бол Ерөнхийлөгч 61 гишүүний дэмжлэг бүхий гишүүнийг дэвшүүлсэн албан ёсны хүсэлт гаргахыг парламентад үүрэг болгох юм уу шинэ сонгууль зарлах шаардлагатай ажээ.


Израилд энэ оны гуравдугаар сарын 23-нд болсон сонгууль нь сүүлийн хоёр жилийн хугацаанд явуулсан дөрөв дэх сонгууль болсон юм. Хэрэв цаашид улс төрийн мухардмал байдал үргэлжилбэл тун удахгүй тав дахь сонгуулиа явуулж магадгүй байна.  

Холбоотой мэдээ