УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ҮАБЗ-ийг хуралдуулах хүсэлт хүргүүлсэн бөгөөд СЕХ-ны байранд өлсгөлөн зарлана гэдгээ өнөөдөр мэдэгдэв.
Тодруулбал, УИХ-д 13 гишүүн бүхий бүлэгтэй Ардчилсан нам дотоод дүрэм, журмынхаа дагуу нэр дэвшигчээ тодруулан бүртгүүлэх гэсэн боловч Сонгуулийн Ерөнхий хороо улс төрийн намд хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж буйг эсэргүүцэж, ҮАБЗ-ийг хуралдуулах хүсэлтээ Ерөнхийлөгчид илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл, "Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг СЕХ өнөөдөр бүртгэж дуусна. АН парламентад суудалтай намын хувьд, нэр дэвшигчийн материалаа өгөх гэсэн боловч манай намаас хоёр хүний материал ирсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байна. Парламентад суудалтай улс төрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх хуулиас давсан эрх эдэлж болохгүй. Сонгуулийн нэр дэвших явц богино тул С.Эрдэнийг энэ хугацаанд ирж уулзан асуудлаа шийдвэрлэхийг уриалж байна" хэмээв.
Мөн тэрээр, С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон улсын бүртгэлийн байцаагчийн шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн хэмээн онцлов. Тиймээс С.Эрдэнийн тамга дарсан аливаа үйл ажиллагаа хууль бус гэдгийг тодотгов.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, АН-ын анхан, дунд шат болон намын Үндэсний бодлогын хороо, Их хурлын шийдвэрээр нэр дэвшигчээ зарлаж мөрийн хөтөлбөрөө аудитаар хянуулсан гэдгийг дурдаад, "СЕХ-ноос Улсын дээд шүүхээс авсан лавлагаанд үндэслэн Н.Алтанхуягийн материалыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн. Нэр дэвшүүлэх ажиллагааны хугацаа богино тул хуулиараа материалыг хүлээн авч, СЕХ-ны гишүүдийн хуралдаанаар олонхын шийдвэрээр бүртгэх эсэхийг шийдвэрлэдэг. Хариу өгвөл дутуу материалаа бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл 200 мянган гишүүнтэй, УИХ-д 13 гишүүнтэй намыг хүлээж авахгүй байгаад харамсаж байна" хэмээв.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эл асуудлаар ҮАБЗ-ийн хуралдааныг өнөөдөр 17.30 цагт зарласан байна.