Булган аймгийн тариаланчид 53,6 мянган тонн үр тариа хураах зорилт дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-29 15:20:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид цахимаар зөвлөгөөн зохион байгуулж, энэ намар 53,6 мянган тонн үр тариа хураах зорилт дэвшүүллээ.

- Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн таримал болох үр тариа, төмс, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтын дэмжлэгийг бодиттой үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс үрьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөхөөр зөвлөгөөн зохион байгуулж байна. Мөн хоёрдогч үр тариа, жимс жимсгэнэ, тос, малын тэжээлийн болон хүлэмжийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан зөвлөгөөнд тавьсан илтгэлдээ онцлов.

Тус аймаг энэ жилийн хувьд үр тариа 41295 га үүнээс улаанбуудай 40375, арвай 200, овъёос 600, хөх тариа 100, төмс 550, хүнсний ногоо 170, малын тэжээл 2915, тосны ургамал 4000 га-д тус тус тариалахаар төлөвлөж байгаа юм. Тариаланчид ирэх намар үр тариа 53629 тонн, үүнээс улаан буудай 52,5, төмс 6,6, хүнсний ногоо 2,0, малын тэжээл 8,1, тосны ургамал 4,0 мянган тонныг хурааж, хүн амын гурил, төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны хэрэгцээг 42,0 хувиар хангах зорилт тавиад байна. 

 

Холбоотой мэдээ