Тосонцэнгэл-Улиастайн автозамыг 10 дугаар сард ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-13 14:27:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийг төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн автозамыг гүйцээж тавих ажлыг энэ оны 4 дүгээр сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Дээрх чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Чайна Коммуникэйшн констракшн" ХХК шалгарч 2018 оны 3 дугаар сарын 12-нд ЗТХЯ-тай 20.9 сая ам долларын төсөвт өртөгтэй гэрээг байгуулж, хяналтын зөвлөх үйлчилгээний санхүүжилттэй холбоотойгоор барилга угсралтын ажлыг 2019 оны 6 дугаар сард эхлүүлжээ. 

Одоогийн байдлаар уг автозамын 40 км нь асфальт бетон хучилтаар, 24 км авто зам нь хайрган шороон замаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа юм. Барилгын ажлын талбайд өнгөрсөн жил газар шорооны ажлын 98 хувь, суурийн 70 хувь, асфальт бетон хучилтын ажил 68 хувь, хиймэл байгууламж буюу төмөр бетон хоолойн ажлын 85 хувь, Загастайн голын гүүрийн ажлын 95 хувь, Хатавчийн голын гүүрийн ажлыг 93 хувь хийснээр авто замын барилгын ажлын гүйцэтгэл 76.5 хувьтaй байна. 


Тухайн төслийн гүйцэтгэгч компани энэ автозамыг бүрэн ашиглалтад өгөхөөр барилгын ажлыг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангажээ. Ингэснээр энэ онд үлдсэн 24 км авто замын газар шорооны ажил болон цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилт, нийт авто замын тоноглол, тэмдэглэгээ, нөхөн сэргээлт, заслын ажлыг хийж гүйцэтгэснээр авто замын барилгын ажлыг энэ оны 10 дугаар сарын 30-ны дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 


Холбоотой мэдээ