Б.Жавхлан: Насанд хүрсэн хүн амд хангалттай хүрэлцэх хос тун вакцины гэрээ байгуулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-09 11:50:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг хэлэлцэж байна. 


Хуралдаанд Засгийн газрын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Төлөвлөгөөнд тусгасан ажлын байрыг дэмжих зээл, төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн нийт 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Ажлын байрыг дэмжих болон репо зээлд хамрагдсан 7.4 мянган зээлдэгчийн 25.4 мянган ажлын байрыг хамгаалж, 2679 зээлдэгч 200 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцтай болсон байна. (Танилцуулгыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.)


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна. 



Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Засгийн газраас 14 хоногийн хөл хорионы хугацаанд иргэн бүрт 300 мянган төгрөг өгөх арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон нь зөв зүйтэй ажил болсон ч оройтож байгааг тэмдэглэв. Улсын хэмжээнд гурван аймагт халдвар гараагүй байгааг дурдаад, вакцины нөөцийг тодруулахын зэрэгцээ хөл хорио тогтоосон 14 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар асуулаа. 


УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан асуултад хариулахдаа, Монгол Улс цар тахал дэгдсэнээс хойш 10 сарын хугацаанд дотооддоо халдвар алдалгүй барьж чадсаныг эхлээд онцлов. Тэрбээр, "Ноднин дотоодод халдвар алдсан бол вакцинтайгаа золгох хүртэл хүнд байдалд орох байсан. Бүх нийтийн бэлэн байдлын үеэр дархлаажуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Насанд хүрсэн буюу нийт хүн амынхаа 60 хувьд хангалттай хүрэлцэх вакцины хос тунгийн гэрээг хийж амжсаныг албан ёсоор хэлье. Дархлаажуулах ажлыг эрчимжүүлж тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр хүн амынхаа 60 хувьд хос тун вакцинаа хийж дуусгана. Ингээд долоодугаар сарын сүүл гэхэд манай улсын хүн амд бүрэн дархлаа тогтоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ажил амар биш ч Загсийн газар бүх хүчин чармайлтаа гаргаж байна" хэмээн хариулав. 


Мөн тэрээр 14 хоногийн хугацаанд хөл хорьсноор одоогийн түвшинд хүрсэн дархлаажуулалтын ажлын үр дүнг хамгаалах ач холбогдолтойг онцлов. Өөрөөр хэлбэл, вакцины эхний тун хийлгэсэн хүмүүст дархлаа тогтох хугацаа шаардлагатай байдаг тул тэдгээрийг хамгаалах үүднээс дээрх шийдвэрийг Засгийн газар гаргасан гэлээ. Тэрээр, "Төсөв хоёр жил дараалан нийт 4.1 их наяд төгрөгийн ачаалал авсан. Тиймээс бидэнд төсөвт ачаалал өгөх ямар ч орон зай байхгүй. Бидэнд нэмэлт эх үүсвэр хэрэгтэй байсан. Харин сүүлийн жилүүдэд үе үеийн Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд Оюутолгой ХХК-иас сүүлийн нэг сарын хугацаанд нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөгийн татвар төлж эх үүсвэр бүрдүүллээ. Үндсэн хуулиар бүх ард түмэн байгалийн баялгийн эзэн байх ёстой гэж заасан" хэмээгээд, энэ эх үүсвэрээр иргэн бүрт 300 мянган төгрөгийг хөл хорионы үед олгохоор шийдвэрлэсэн гэдгийг тайлбарлалаа. 


Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Сүүлийн үед халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд л 714 халдвар авсан тохиолдол батлагдлаа. Энэ хэрээр эмнэлэгт хүнд, хүндэвтэр өвчилсөн хүний тоо нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад эрчимт эмчилгээ авах хүмүүс олноор бий болж эрүүл мэндийн салбарт  ачаалал үүсэж байна.  Хөл хорио 14 хоног тогтоосноор, тархалтыг хязгаарлаж, саармагжуулах ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар, 584 317 хүн буюу нийт вакцин хийлгэх ёстой хүмүүсийн 25 хувийг хамруулаад байна. Халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан вакцин хийлгэсэн хүмүүс өвчлөх нь эрсдэлээс хамгаалж хөл хорионы дэглэм тогтоох шаардлагатай гэж үзсэн" хэмээлээ.

Холбоотой мэдээ