Булган аймгийн таван хүн тутмын нэг халамж хүртдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-24 17:03:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтсийн газрын энэ оны эхний хоёр сарын мэдээллээр тус аймагт нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс өсжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас энэ оны хоёрдугаар сарын байдлаар 7256 хүнд 982.2 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, 1037 хүнд 586.8 сая төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 222.1-293.7 сая төгрөгөөр буюу 42.7-60.9 хувиар өссөн байна.

Нийгмийн халамжийн сангаас 2020 оны жилийн эцсийн байдлаар 11096 хүнд 6,1 тэрбум төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Нийгмийн халамж хүртэж байгаа хүмүүсийг аймгийн хүн амын тоотой харьцуулахад таван хүн тутмын нэг нь халамж хүртэн амьдардаг гэсэн үг юм.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны эхний хоёр сарын байдлаар 234 хүн хамрагдсаны 80.8 хувь ахмад настан, 17.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 2.1 хувь нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ байна. Хүнс тэжээл хөтөлбөрт хамрагдсан 4545 иргэнд 109.9 сая төгрөг олгожээ.

Холбоотой мэдээ