Орландод халдлага үйлдсэн этгээдийн эцэг нь өөрийгөө Афганистаны ерөнхийлөгч гэж үздэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-13 16:46:44

ВАШИНГТОН. /Sputnik/. "Вашингтон Пост" сонинд бичсэнээр, Орландод халдлага үйлдсэн этгээдийн эцэг болох Седик Матин нь “Мир Седик" хэмээх өөр нэрээр олонд танигдсан нэгэн ажээ.

Тэрбээр улс төрийн хатуу үзэл бодолтой хүн бөгөөд өмнө нь телевизид улс төрийн шоу нэвтрүүлгийг хөтөлдөг байжээ. Тухайн үедээ Афганистаны талибанчуудыг сайшаадаг нэгэн байсан бөгөөд "Durand Jirga Show" гэдэг улс төрийн шоуг Калифорнигаас “Payam-e-Afghan”  сувгаар дамжуулдаг байсан аж. “YouTube” болон “Facebook”-т тавигдсан байсан бичлэгүүдийг нь үзвэл, Седик Афганистаны Талибанчуудыг үе үе магтдаг байсан бөгөөд одоогийн Пакистаны засгийн газрыг шүүмжилдэг байжээ. 

Седик Матиний нэг жил гаруйн өмнө “YouTube”-т тавьсан бичлэгийг үзвэл, тэрбээр өөрийгөө Афганистаны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гэж байн байн ярьж байв. Гэвч энэ нь зүгээр л тоглоом наргиан төдий зүйл байжээ.  Учир нь, Афганистанд ерөнхийлөгчийн сонгууль 2014 онд болсон юм.

Седик жилийн өмнөөс “YouTube”-д бичлэг тавихаа больсон ч “Facebook”-т тавьсаар байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд хүү нь Орландод халдлага үйлдэхээс хэдхэн цагийн өмнө бичлэг байршуулжээ. Энэ бичлэгт тэрбээр “Мир Седик” дүрээрээ Афганистаны Ерөнхийлөгч болж жүжиглэхдээ тус улсын хэд хэдэн нэртэй улстөрчдийг шоронд хийх зарлиг гаргаж байжээ.

Хэдийгээр улс төрийн хатуу үзэл бодолтой хүн ч гэсэн “Мир Седик” хүүгийнхээ үйлдлийг мэдээгүй байснаа өчин, Омар Матиний хийсэн хэргийн төлөө гэр бүлийнхэнтэйгээ хамт уучлал гуйсан юм.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ