Малдаа яваад төөрсөн 23 иргэнийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-15 14:34:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний өдөр нийт нутгийг хамран үргэлжилсэн байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар болон сумдын ЗДТГ-т дуудлага их ирсэн байна.

Хархорин сумын “Нарийн хүр” баг, Есөнзүйл сумын “Эрээн” баг, Өлзийт сумын “Яргайт” баг, Гучин-Ус сумын “Хөөвөр” баг, Богд сумын “Тэвш” баг, Баруунбаян-Улаан сумын “Хүүхдийн-Ус” баг, Баян-Өндөр сумын “Зүлэгт” баг, Төгрөг сумын “Баян” баг, “Сайнтөгрөг” баг, “Мазар” баг, “Их-Ус” багт малчид малдаа яваад төөрч сураггүй боллоо гэх 17 дуудлага ирсний дагуу Онцгой байдлын газар болон сумдаас томилогдсон ажлын хэсэг эрэн хайх ажиллагаа явуулж, иргэдийг эсэн мэнд олжээ.

Мөн Баян-Өндөр, Хайрхандулаан, Хужирт, Нарийнтээл, Сант суманд долоон айлын гэр дахин ашиглах боломжгүйгээр нурсан бол Баян-Өндөр, Сант суманд сургууль, дотуур байр, спорт заалны барилгын дээвэр хууларч, 96 айлын хашаа нурсан байна.

Хүчтэй шуурганы улмаас хохирол амссан гэх мэдээлэл нэмж бүртгэгдсээр байгаа аж.

Холбоотой мэдээ