"Экспо-2017"-гийн тасалбаруудыг борлуулж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-06-11 11:37:10

АСТАНА./TASS/. Казахстан улсын нийслэл Астана хотод болох олон улсын “Экспо-2017” үзэсгэлэнгийн тасалбаруудыг онлайнаар борлуулж эхэлсэн тухай "Астана Экспо-2017" компани мэдээллээ.

Тасалбарууд ажлын өдрүүд болон амралтын өдрүүдийн гэсэн хоёр төрөл байх бөгөөд ажлын өдрүүдэд үзэсгэлэнг үзэх бол тасалбарын үнэ 6 мянган тенге /18 доллар/, амралтын өдрүүдийнх нь 8 мянган тенге /24 доллар/ байх юм.

Ингэхдээ тасалбаруудыг үе шаттайгаар борлуулах ажээ. Тодруулбал, 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд тасалбарыг хамгийн доод үнээр нь худалдах бол 7 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд аялал жуулчлалын компаниуд болон жижиглэнгийн цэгүүдэд хуваарилан борлуулах аж. Харин 9 дүгээр сарын 1-нээс эхлэн Казахстан даяар кассуудаар худалдахын зэрэгцээ баярын өдрүүдэд явуулын кассуудаар борлуулах аж.

“Экспо-2017”-гийн тасалбаруудыг борлуулах ажилд тус арга хэмжээний түншүүд болох шуудангийн "Казпочта", төмөр замын "Казахстан темир жолы", агаарын тээврийн "Эйр Астана" компаниуд оролцож байна.

Дашрамд дурдахад, Аугаа их Эх орны дайнд оролцсон ахмад дайчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүд болон 6 нас хүртэлх бага насны хүүхдүүдийн хувьд үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзнэ. Түүнээс гадна, олон хүүхэдтэй эхчүүд, тэтгэвэрт гарсан ахмадууд болон оюутан сурагчид тасалбарыг тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр худалдан авч болох ажээ.

"Экспо-2017" олон улсын үзэсгэлэн “Ирээдүйн эрчим хүч” гэсэн сэдвийн дор Казахстан улсын нийслэлд 2017 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулагдах бөгөөд түүнд оролцоно гэдгээ одоогоор 89 улс, 15 олон улсын байгууллага мэдэгдээд байна.

Үзэсгэлэнг гурван сарын хугацаанд 5 сая хүн үзэж, 330 сая еврогийн орлого олно гэсэн тооцоо хийжээ.

Г.Доржханд 

Холбоотой мэдээ