Энэ сарын 15-ны байдлаар 12591 толгой мал хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-17 11:55:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-ны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд нийт 12591 толгой мал хорогдоод байна. Түүнээс 32,3 хувийг хонь, 57,8 хувийг ямаа, 4,4 хувийг үхэр, 4,7 хувийг адуу, 0,8 хувийг тэмээ тус тус эзэлж байна.

2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймгийн хэмжээнд 3 741.1 мянган толгой мал тоолуулсан ба одоогийн байдлаар оны эцсийн нийт малын 0,3 хувь нь хорогдсон аж.

Өнгөрсөн жил нийт нутгаар зуншлага тааруу байсан тул малчдын дийлэнх нь бусад аймгийн нутагт отроор өвөлжиж хаваржиж байгаа. Хоёрдугаар сарын байдлаар Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Булган, Өвөрхангай зэрэг 12 аймгийн нутагт 1424 өрхийн 906168 толгой мал өвөлжжээ.

Харин Өвөрхангай аймгаас 39 өрхийн 24650 толгой мал, Говьсүмбэр аймгаас гурван өрхийн 2055 толгой мал, Төв аймгийн гурван өрхийн 1325 толгой мал, Өмнөговь аймгийн долоон өрхийн 5663 толгой мал нийт 52 өрхийн 33693 толгой мал Дундговь аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа аж.

Мөн өөрийн аймагтаа сум дамжин 1016 өрхийн 481720 толгой мал оторлож байгаа юм.

Цаашид хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа ба муудсан малаа тэжээж байгаа тул өвс тэжээлийн хэрэгцээ их байгааг малчид хэлж байна.  

Хоёрдугаар сарын 15-ны байдлаар аймаг, сумын  өвс тэжээлийн аюулгүй нөөцөд нийт 346 тн өвс, 100 тн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ