Зарим иргэн тусгаарлалтын дэглэм зөрчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-29 17:26:29

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнөөдрийн байдлаар 1196 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Тэдний 512 нь Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэд юм. Холбогдох байгууллагуудын 892 алба хаагч дээрх иргэдэд хяналт тавин ажиллаж байгаа боловч зарим нь архидан согтуурах, гэрээсээ гарч олон нийтийн газраар зорчих, таксигаар үйлчлүүлэх, гэртээ хүн оруулах зэрэг үйлдэл гаргаж байгааг багуудын Засаг дарга нар хэлж байна.

Тухайлбал, Хэрлэн сумын Зургадугаар багт оршин суудаг айл хүүхдүүдээ өөр газарт байлгаж, эцэг эх нь өөрсдөө гэртээ тусгаарлагдаж байгаа боловч гэрээсээ гарч дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэн, хүүхдүүддээ хоол хүнс хүргэж өгөх зэргээр олон нийтийн газраар зорчжээ. Түүнчлэн анх мэдүүлсэн хаягтаа буухгүйгээр өөр газарт тусгаарлагдах, шаардлага тавьсан алба хаагчдын өмнөөс эсэргүүцэл үзүүлэх зэрэг зөрчил тасрахгүй байна. Багуудын ажлын албанаас тусгаарлагдаж байгаа иргэд рүү өдөр бүр утсаар ярьж, халууныг нь хэмжүүлэн, хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа эсэхийг сонсож байгаа бол хэсгийн ахлагч нар тухайн айлын гадна талд хяналт тавьж байгаа аж. 

Холбоотой мэдээ