НАТО-гийн өргөн хэмжээний цэргийн сургуулилт Польшид эхэллээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-06-06 15:41:19

ВАРШАВ. /TASS/. НАТО-гийн эвслийн явуулдаг "Анаконда" /Anakonda/ цэргийн сургуулилт өнөөдөр Польш улсад эхэлж байна.

Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 24 орны 31 мянган цэргийн албан хаагч, тэдний дотор Польшийн 12 мянган цэрэг, АНУ-ын 10 мянган цэрэг, Их Британийн 1000 орчим цэрэг энэ удаагийн хээрийн сургуульд оролцох юм. Польш улсын түүхэнд ийм өргөн хэмжээний сургуулилт анх удаагаа болж байгаа ажээ.

Польш дахь хээрийн сургуулийн бүх талбайд өрнөх уг сургуулилтад 3 мянга орчим нэгж цэргийн техник, 100 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг болон 12 байлдааны хөлөг онгоц хамрагдан оролцож байна.

Польшийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ удаагийн сургуулилтын гол зорилго нь үндэсний болон холбоотны хүчний командлалуудын үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх явдал юм.

“Анаконда” сургуулилттай зэрэгцэн “Сэлэмний цавчилт” /Saber Strike/ гэдэг сургуулилт мөн явагдах бөгөөд түүний явцад Герман болон Польшийн нутаг дэвсгэрээр дамжуулан цэргийн техник болон бие бүрэлдэхүүнийг Балтын тэнгисийн орнууд болон Румын болон Болгар руу шилжүүлэн зөөвөрлөх  хувилбаруудыг турших ажээ.

Түүнээс гадна, “Анаконда”-гийн хүрээнд “Шуурхай хариу” /Swift Response/ гэдэг нэртэй цэргийн маневр хийхээр төлөвлөж байна. Уг маневрын үеэр Америкийн цэргийн десантыг Европ тивд буулгах юм.

Гуравдахь арга хэмжээ бол Балтын тэнгисийн усанд явуулах Baltops ажилллагаа ажээ. Энэ үеэр Польшийн нутаг дахь “Устки” гэдэг газарт тэнгисийн явган цэргийн десантыг буулгах дадлага сургуулилт хийнэ. Эдгээр гурван маневрыг НАТО-гийн командлал зөвхөн цаасан дээр боловсруулсан бол харин одоо хямралт нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээ авах бүрэн хэмжээний цэргийн сургуулилтыг практик дээр явуулж байна.

“Анаконда” цэргийн сургуулилтыг 2006 оноос эхлэн хоёр жил тутам хийж байгаа бөгөөд 2012 оноос олон улсын хэмжээний хамтарсан хээрийн сургууль болон өргөжжээ. 2014 онд болсон  “Анаконда”-д 8 улсын 12,5 мянган цэргийн албан хаагч оролцож байв.  

Х.Сарнай

 

 


 

 

Холбоотой мэдээ