Батлан хамгаалах салбарынхан “Ногоон төгөл” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2021-01-18 14:04:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн түүхэн ойн хүрээнд бүх аймаг, орон нутагт олон талт ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.


Орчин цагийн Зэвсэгт хүчин хөгжиж, залуучуудын ур чадвар хэрхэн сайжирсныг олон нийтэд сурталчилан таниулах ажлыг БХЯ-наас жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Харин энэ жилийн хувьд илүү өргөн хүрээнд олон ажил хийхээр зорьж байна.


Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд БОАЖЯ-тай хамтраад “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Батлан хамгаалах салбарын бүхий л нэгтгэл, анги цаашид "ногоон орчин" зорилтыг эн тэргүүнд дэвшүүлэн ажиллах юм байна.



Орон нутагт мод зүлэг тарьж, ургуулж, түүнийгээ арчлан хамгаалж болдгийг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үлгэрлэх нь нийгэмдээ үзүүлж буй эерэг нөлөөлөл болох юм. Нэгтгэл, анги бүрийг ногоон болгох хүн хүчний нөөц боломж хангалттай байгаа. Гагцхүү зөв зохион байгуулалт, зөв төлөвлөлт, сэтгэл зүтгэл байхад бүрэн хэрэгжих боломжтой гэж Батлан хамгаалах салбарынхан онцолж байна.


“БХЯ-наас 2024 он хүртэл хийж, хэрэгжүүлэх ажлаа нухацтай төлөвлөж, тооцсон бөгөөд цаашид гарт баригдаж, олон нийтэд мэдрэгдэх хэмжээнд бодит ажил болгоно. Ерөнхийдөө яамны удирдлага, хамт олон түүхт ойн хүрээнд аливаа нэг ажил өрнөөд дуусдаг биш, цаашид Батлан хамгаалах салбарт жишиг болон хэрэгждэг тийм ажил үйлсийн эхлэлийг тавих, өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн ажлуудыг улам өргөжүүлэх бодлого баримталж байна” хэмээн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэллээ.

Холбоотой мэдээ