Бүгд Найрамдах намын сенатчид Байдены ялалтыг эсэргүүцэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-03 13:59:13

ВАШИНГТОН. /DW/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимд сонгогдсон Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахыг эсэргүүцнэ гэдгээ мэдэгджээ. 


Дээрх мэдэгдлийг гаргасан 11 гишүүний дөрөв нь шинээр сонгогдсон гишүүд аж. Тэд маргаантай муж улсуудад яаралтай шалгалт хийх сонгуулийн тусгай комисс байгуулахыг Конгрессоос шаардсан байна. “Бид 10 хоногийн шалгалт дуусах хүртэл нэгдүгээр сарын 6-нд болох Конгрессын хоёр танхимын хамтарсан хуралдаанаар маргаантай байгаа муж улсуудын Сонгогчдын коллегийн гишүүдийн саналыг батлахыг эсэргүүцсэн санал өгөхөөр төлөвлөж байна” гэж Сенатын гишүүн Тед Крузийн цахим хуудсанд гарсан мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Бүгд Найрамдах намын сенатчдын энэ шаардлага нь Ардчилсан намын гишүүн Жозеф Байденыг нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн албан тушаалд ороход нь саад хийх магадлал тун бага бэлгэдлийн чанартай үйлдэл юм гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байна.


Сонгогчдын коллегийн гишүүдийн санал хураалтын дүнг Конгрессын хоёр танхим нэгдүгээр сарын 6-нд хийх хамтарсан хуралдаанаараа батлах ёстой юм.  Хэрэв хоёр танхимаас дор хаяж нэг гишүүн бичгээр аль нэг муж улсын санал хураалтыг батлахыг эсэргүүцвэл уг асуудлыг тус тусдаа хэлэлцэж, санал хураана. Хууль тогтоох байгууллагын нэг танхим нь эсэргүүцлийг хүлээж авахыг эсэргүүцсэн санал өгвөл эсэргүүцлийг хүлээж авахгүй юм. Төлөөлөгчдийн танхимын олонхын суудлыг Ардчилсан намынхан эзэлдэг учир Жозеф Байдены ялалтад эргэлзээ төрүүлж буй аливаа санаачилгыг дэмжих магадлал тун бага болохыг ажиглагчид тэмдэглэжээ.



Холбоотой мэдээ