БНСУ-ын төгөлдөр хуурчид Филармонид тоглолтоо хийнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2015-09-29 10:11:22

БНСУ-ын Мокпо хотын симфони найрал хөгжмийн удирдаач, захирал Юн Ил Жин  Улсын филармонийн симфони оркестртой хамтран тоглоно.

 “Эв нэгдэл, Их хүч” хэмээх уг тоглолтод БНСУ-ын уран бүтээлч болох төгөлдөр хуурч Хюн Ук Мүн, Хюн Со Чо нар Монголын сонгодог хөгжим сонирхогчдод уран бүтээлээ хүргэнэ.

Тэд Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Д.Шостаковичийн IX симфонийг тоглохоос гадна Франсис Плёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг толилуулна.

Удирдаач Юн Ил Жин 1990-ээд оноос хойш БНСУ-ын томоохон хотууд болон АНУ, ХБНГУ, Голланд, Австри, Чех зэрэг улсад бие даасан тоглолтоо тавьж байв. Мөн тэрээр БНСУ-ын симфони найрал хөгжим, Нью-Сөүл филармони, Сүвон филармони, Сингапур Braddell Heights Symphony, Голланд Royal Biltse Harmonie, Швейцарийн Цюрих симфони найрал хөгжимд ажиллаж байжээ.

Харин одоо БНСУ-ын хөгжмийн сургууль, Миёнжи их сургуулийн хүндэт профессороор ажилладаг аж.

Тоглолт ирэх сарын 3-нд Улсын филармонийн танхимд болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд