Арвайхээрийнхэн эх үрсийн баярыг өргөн тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-01 13:38:19

Өнөөдөр Эх үрсийн баяр тохиож байна. Энэ өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хэмжээнд хүүхэд рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм.

Тухайлбал өглөөний 8 цагаас Аюуш баатарын талбайд Арвайхээр сумын бүх боловсролын байгууллагынхан “Авьяас” хөтөлбөрийн тайланг тавьж, 3500 хүүхдийг оролцуулсан урлаг, соёлын арга хэмжээг зохион байгууллаа. Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн авъяас, чадварыг хөгжүүлэх 395 дугуйланд 14135 орчим хүүхэд хичээллэж, 2015 оны байдлаар энэ чиглэлийн ажил, арга хэмжээнд 17.9 сая төгрөгийг  зарцуулсан байна.

Мөн энэ өдөр хүүхдийн баярын нээлтийг Хүүхэд, залуучуудын парк дээр зохион байгууллаа. Тус паркад “Алсыг харагч”, “Морин тойруулга”,  “Нисдэг таваг”, “Агаарын аялал” зэрэг 7-8 төрлийн тоглоом байдаг ба жилд 10 мянга орчим хүүхэд тоглодог гэсэн тоо гарчээ.

Түүнчлэн өнөөдөр уламжлалт ёсоор “Алдарт эх”-ийн болзол хангасан эхчүүдэд одон гардуулна. Энэ удаа 80 орчим эх “Алдарт эх”-ийн 1,2 дугаар одонг авах аж.

Аймгийн Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн-Өвөрхангай ОУБ, Арвайхээр сумын ЗДТГ-аас “Аюулгүй амьдрах арга ухаанд суралцья” гар зураг, эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд шагналыг гардуулах бол “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” гар зургийн уралдааныг 4-6 дугаар ангийн сурагчдын дунд, Унадаг дугуйн уралдааныг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж байна.

Энэ орой Хөгжимт драмын театрт “Муурнуудын бүжиг” мюзикл жүжгийг бяцхан үзэгчдэдээ зориулан тоглохоор урaн бүтээлч ах, эгч нар нь бэлтгэжээ.

Энэ өдөр Хүүхэд, залуучуудын парк төдийгүй Аюуш баатрын төв талбай ч чөлөөт арга хэмжээ, хөл хөдөлгөөн ихтэй байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ