“Дархан Наадам” төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд “Хот төлөвлөлтийн үндэсний хүрээлэн”-гийн мэргэжилтнүүдтэй Дархан хотын хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар ярилцав.
Аймаг орон нутагтай холбоотой олон асуудал яригдсанаас “Дархан Наадам” цогцолбор төсөл анхаарлын төвд байлаа. Томоохон хот суурин газрууд хөгжихийн хэрээр баяр ёслол тэмдэглэх төв талбайгаа хотоос зайдуу байгуулдаг жишигтэй. Үүний адилаар Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т “Бөхийн их шүтээн”, “Морины их шүтээн”, “Сурын их шүтээн” бүхий 13 хэсэгтэй “Монгол Наадам” цогцолборыг 2014-2020 он хүртэл барьж ашиглалтад оруулахаар болж одоогийн байдлаар хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол, 8.5 км авто зам шинээр барьж ашиглалтад оруулсан. Тус цогцолбортой дүйцэхүйц “Дархан Наадам” цогцолборыг 3-5 жилийн хугацаанд Зулзагын голын амралтын бүс нутагт байгуулахаар төлөвлөжээ. Уг ажлыг эхлүүлэхийн тулд Зулзагын голын 16 мянган га газрыг хамгаалалтад авахыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар боллоо. Төсөлд морь бариа, морин тойруулга, морины аж ахуй бүхий хотхон, бөхийн дэвжээ, сурын талбай зэрэг монгол ахуйг харуулсан гадаад, дотоодын жуулчдыг татахуйц байгууламжуудыг тусгасан. Уулзалтаар БНСУ, БНХАУ, АНУ, Тайланд, Тайван, Унгер зэрэг улсад тоглогддог “Монгол морьтоны тоглолт”-ын найруулагч Д.Ариунболд төслийн багийнханд “Морин тойруулга”-ын талаар мэргэжлийн заавар, зөвлөгөөг өглөө.
Энэхүү “Дархан Наадам” цогцолборыг наадмаар жилдээ ганц удаа ашиглах бус байнгын үйл ажиллагаатай дэлхийн өнцөг бүрээс жуулчдыг татаж орон нутагтаа тодорхой орлого бүрдүүлдэг байх нь чухал гэдгийг аймгийн Засаг дарга А.Энхболд онцлов. Түүнчлэн БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ийн төлөөлөгчид өнгөрсөн хоёрдугаар сард Дархан-Уул аймагт айлчлах үеэр тус улсын “Морин тойруулгын холбоо”-ны тэргүүн дээрх төсөлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа аймгийн удирдлагуудад илэрхийлсэн байна.
Б.Норовсамбуу