С.Жандос: Ямар түвшинд, ямар боловсрол эзэмших вэ гэдэг нь таны өөрийн хичээл зүтгэлээс шалтгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-19 14:40:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. АНУ-ын Харвардын бизнесийн сургуульд "Тогтвортой бизнесийн стратеги" чиглэлээр мэргэжил дээшлүүлж саяхан амжилттай төгссөн эдийн засагч, Олон Улсын зах зээл судлаач Саделийн Жандостай ярилцлаа.  


- МОНЦАМЭ агентлагийн уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

- Юуны өмнө уншигчдадаа болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие 1979 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод О.Саделийн ууган хүү болж төрсөн. Аав минь багш, ээж хүний их эмч мэргэжилтэй. 1987 онд Улаанбаатар хотын тухайн үеийн Найрамдлын районы 21 дүгээр сургуульд нэгдүгээр ангид элсэн орж байлаа. 1990-ээд оны эхээр манайх Баян-Өлгий аймаг руу нүүж, Өлгий сумын 10 жилийн сургуулийг 1997 онд төгссөн. Улмаар МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн орж, 2001 онд "Гадаад худалдааны эдийн засагч" мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр төгссөн. 2014 онд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалав. Их сургууль төгссөнөөс хойш ажлын гараагаа «Материалимпекс» компанид менежерээр эхэлж, дараа нь УИХ-ын Тамгын газарт,  Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд ахлах мэргэжилтэнгазрын дарга хүртэл дэвшин ажиллалаа. 2016 онд АНУ-д суралцах боломж олдож Кентаки мужийн Камписвиль их сургууль, Калифорни мужийн Санта-Ана коллежуудад хэлний бэлтгэлээ хангасан. Мэргэжил дээшлүүлэх зорилгоор 2019 онд Аризонагийн Их сургуулийн Бизнесийн сургуулийг "Бизнес эрхлэлтийн арга барил"  чиглэлээр суралцаж2020 онд Харвардын Бизнесийн Сургуулийг "Тогтвортой Бизнесийн стратеги"  гэсэн чиглэлээр мэргэжил дээшлүүлж төгслөө. Гадаад хэлний хувьд англи, орос, турк хэл эзэмшсэн.

- Таны мөрөөдөл юу вэ? Бага байхдаа гадаадад суралцана гэж бодож байсан уу?

- Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Миний бодлоор мөрөөдлийн цар хүрээ цаг хугацааны аясаар хувьсан өөрчлөгдөж байдаг юм шиг санагдсан. Жишээлбэл, би бага насандаа нисгэгч болох юмсан гэж их мөрөөддөг байлаа. Уул хадан дээгүүр дүүлэн нисээд, эх дэлхийгээ хажуу дээрээс ажиглах нь их сайхан санагддаг байсанОдоо болохоор арай өөр зүйл боддог болсон.  Дэлхийн бусад улс орнуудад томилолтоор ажиллах ч юм уу, аялж, сурч явах хугацаандаа тухайн орны хөгжил дэвшилд яаж хүрсэн, яаж ийм нийгмийг цогцлон бүтээсэн бэ гэдэг нь их сонирхол татдаг болсон. Өөрийн мэргэжлийн онцлогоос ч болоод уу сониучирхах, судлах хэлбэрээр хандаж эхэлсэн. Ингэснээр тухайн улс орнуудын эдийн засаг, зах зээл, хүний хөгжлийн талаас яаж амжилтад хүрсэн талаар ойлголттой болсон. Харин одоо энэхүү хөгжингүй орнуудын ололттой талуудыг эх орондоо, нутагтаа бий болгоход өөрийн гэсэн бага ч болов хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож, мөрөөддөг болсон гэх үү дээ.

Биднийг бага байхад цаг үе арай өөр байлаа. Зах зээлийн шилжилтийн үе болж байсан бөгөөд мэдээллийн солилцоо тэр бүр байхгүй, улс орны хувьд ч гадаад ертөнцтэй дөнгөж холбогдож эхэлж байсан. Их сургуульд орсон хойноо л гадаадад суралцах талаар бага сага ойлголт авчсонирхож эхэлсэн боловч аяндаа орхигддог. Харин орчин үеийн хүүхдүүд их мэдээлэлтэй болж, хаанаас ч сургуульд элсэн суралцах боломжтой болж байна. Англи хэлний мэдлэгээс гадна мэдээллийн технологийн талаар мэдлэг их чухал болсон гэдгийг хүн бүр мэддэг болсон байна.   

- Харвардын Их сургуульд яаж элссэн бэ? Элсэх үеэр ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан уу?

- Ер нь АНУ-ын нэр хүндтэй томоохон их дээд сургуульд том ч бай, бага ч бай ямар ч сургалтад элсэн суралцахын тулд мэдээж тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Энэ шаардлагуудыг хангаснаар эхний алхам болох тухайн сургуульд хандаж элсэлтийн өргөдөл буюу суралцах хүсэлт явуулах эрхтэй болно. Үүнд таны өмнө нь эзэмшсэн мэргэжил диплом, мэдээж англи хэлний тодорхой түвшний мэдлэг, эсээ бичих, ажлын туршлага гэх мэт зүйлүүд багтана. Таны явуулсан өргөдөл, бичиг баримтууд болзлыг хангасан тохиолдолд тухайн их, дээд сургуулиуд виртуал ярилцлага хийж, элсүүлэх эсэхээ шийдэх болно. Ярилцлагаа амжилттай давж, элсэлтийн хураамжаа төлснөөр тухайн сургуульд суралцах боломжтой болох юм.

Миний хувьд анх АНУ-д ирээд хэлний бэлтгэлд хамрагдсан. Дараа нь цаашид ямар чиглэлээр боловсрол эзэмших вэ гэдгийг судалсан. Эзэмшсэн мэргэжилтэй, боловсролын зэрэгтэй, ажлын туршлагатай хүмүүсийн хувьд тус улсын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх боломж их. Мөн өмнөх боловсролын зэргээ бас давхар үнэлүүлэх боломжтой гэдгийг олж мэдсэн. Тиймээс урдаа томоохон зорилт тавьж, Харвардын Бизнесийн сургуульд мэргэжил дээшлүүлэхээр бэлтгэлээ хангаж эхлэв. Тус сургуульд элсэхэд мэргэжил, мэргэшсэн байдлыг харгалзан үзэхээс гадна өмнө нь АНУ-ын болон Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн ихдээд сургууль төгссөн, аль эсвэл тухайн сургуулиудад заасан чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдаж байсан байдал, англи хэлний мэдлэг зэрэг шаардлагуудыг тавьж байлаа.  

Миний хувьд тухайн сургуулиас тавьсан болзлуудыг хангасан болохоор элсэлтийн үед ямар нэгэн бэрхшээл гараагүй. Харин эдгээр болзлуудыг хангахын тулд нэлээдгүй хугацаанд өөрийгөө бэлдэж хөдөлмөрлөсөн гэдгийг хэлмээр байна. Учир нь болзлуудыг хангаж элсэн орлоо гэхэд дараа нь өгөгдсөн даалгавруудын биелэлт, шалгалт сорилтуудыг нь хангалттай өгч чадахгүй бол цаашид тухайн сургуульд дахин суралцах боломжгүй болох учраас чадлынхаа хирээр хичээсэн.

- Харвардын их сургуульд суралцсан чиглэлийнхээ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

- Харвардын Бизнесийн сургуульд "Тогтвортой бизнесийн стратеги" чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтыг төгссөн.

Тухайн сургуулийн зорилго нь олон улс дахь бизнесийн лидерүүд, эдийн засаг, зах зээлийн салбарын менежер, боловсон хүчнүүдэд орчин үеийн бизнесийн ололт, оновчтой туршлага,  шинэлэг хандлагын талаар мэдлэг олгох байдаг.

Өнөө үед хүн амын өсөлт, цаг уурын өөрчлөлт, хэт үйлдвэржилт, хүрээлэн буй байгаль орчны бохирдол, зарим хүмүүсийн зохисгүй үйлдэл зэргээс үүдэн дэлхий ертөнц томоохон асуудалтай нүүр тулж байна.  Энэ нь их, бага хэмжээгээр бидний өдөр тутмын амьдралд болон нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр өдийг хүрлээ. Тиймээс дээрх асуудлуудад гарц, шийдэл олохын тулд дэлхий даяар эдийн засаг, бизнесийн салбарт “тогтвортой бизнесийн стратеги” гэсэн ухагдахуун хүч түрэн гарч ирсэн.  

Энэ нь компаниуд зах зээлд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхээс эхлээд, эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүхий л үйл явцын турш тухайн барааг хэрхэн зохистой, хүртээмжтэй байдлаар бий болгох вэ? Хэрэглэгчдэд зүй зохистой хэрэглээний ухамсар төлөвшүүлэхэд хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгийг эдийн засгийн талаас нь оновчтой, шат дараалалтай, шийдвэр гаргах түвшинд иж бүрэн авч хэрэгжүүлэх тухай нарийн цогц ухагдахуун юм.

Харвардын их сургуулийн эрдэмтэн багш нар уг асуудлыг шинжлэх ухааны талаас нь анхаарчонолын хувьд сургалтын хөтөлбөр боловсруулан гаргаж байна. Зах зээлийн бизнесийн лидерүүд, менежерүүдэд мэдлэг олгох зорилгоор сургалтын томоохон төсөл болгон хэрэгжүүлж байна. Сургалтын явцад дэлхийн тэргүүлэгч компаниудын лидерүүдийн лекцийг сонсож, тэдний  туршлагаас ихийг суралцаж, мэдлэгийн хүрээгээ тэллээ.

- АНУ-ын дээд боловсролын тогтолцоо Монгол Улсын боловсролын тогтолцооноос ямар ялгаатай байдаг вэ?

- Миний ойлгосноор АНУ-ын их, дээд сургуулиудын боловсрол олгох систем нь тухайн оюутнуудад ерөнхий онолын мэдлэгийг олгохоос гадна "Personal ability" буюу тухайн хувь хүний өөрийн суралцах чадамж, хүсэл эрмэлзэлтэй уялдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл ямар түвшинд, ямар боловсрол эзэмших вэ гэдэг нь таны өөрийн хичээл зүтгэлээс шалтгаална Энэ нь нэг талаар манай орны томоохон их, дээд сургуулиудын боловсролын системтэй төстэй мэт боловч амьдралын бодит практик жишээнүүдийг судлах, түүнээс суралцах талаар илүү их боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Ер нь энэ улсын боловсролын тогтолцооноос миний анзаарсан нэг зүйл бол их, дээд сургуульд гэхээс илүү бага, дунд ангид суралцах үеэс нь тухайн хүүхдийг хувь хүн болгон төлөвшүүлэхэд эртнээс анхаарч эхэлдэг юм байна. Сурагчдыг хооронд нь хичээлээр өрсөлдүүлэх, аль нэг хичээлдээ бусдаас илүү байх нь чухал бус, багаар ажиллах чадвар, чадамжийг бэхжүүлж, бусдыг хүлээн зөвшөөрөх, мөн өөрийнхөө санааг илэрхийлж сурах зэрэг нийгмийн  хөгжлийн тал дээр түлхүү анхаарч, ахлах сургуулиас эхлээд тухайн хүүхдэд ямар чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олгож чиглүүлэх вэ гэдгийг системчилж өгсөн байдаг.

- Таны цаашдын зорилго. Эзэмшсэн боловсролоо цаашид хэрхэн ашиглая гэж бодож байна вэ?

- Түрүүн хэлсэнчлэн зорилго, мөрөөдөл бол хүний амьдралын гол зүйл шүү дээ. Миний бодлоор хамгийн гол нь зорилго, хүсэл эрмэлзэл нь ямар нэгэн үнэт зүйл дээр тулгуурлаж байж цаашдаа өөрийн утгаа олдог юм болов уу гэж боддог. Үнэт зүйл нь эх орон, гэр бүл, найз нөхөд хамт олон болон өөрийн туйлын сонирхдог, эрхэмлэдэг зүйлүүдээс бүрдэнэ. Миний хувьд үнэт зүйлийн нэг нь яах аргагүй Эх орон юм. Тиймээс би өөрийн өдий хүртэл сурч мэдсэн, эзэмшсэн боловсролоо эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулах, өчүүхэн ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулах зорилго өвөртөлж явна. Энэ талаар ч гэсэн зарим нэг бодож санаж явдаг зүйлүүд бий.

 

 

Холбоотой мэдээ