Д.Трампын шинжилгээний хариу эерэг гарахаас өмнөх болон хойших өдрүүдэд юу болов?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-09 12:23:08

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсныг мэдэгдсэнээс өмнө болон хойш болсон үйл явдлуудыг танилцуулж байна.


Есдүгээр сарын 26: Д.Трамп Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт Эми Кони Барретийг Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлж буйгаа олон нийтэд танилцуулав. “New York Times” сонинд мэдээлснээр, уг үйл ажиллагааны үеэр амны хаалт зүүх, зайнаас харилцах дүрмийг мөрдөхийг шаардаагүй бөгөөд үүнд оролцсон хэд хэдэн хүнээс сүүлд халдвар илэрчээ. Ерөнхийлөгч тухайн үед халдвар авсан уу, өөр газарт байхдаа халдвар авсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.


Есдүгээр сарын 29: Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдентай Охайо муж улсын Кливленд хотод мэтгэлцэв. Ж.Байдены түүнээс хойш өгсөн шинжилгээний хариу сөрөг гарчээ.


10 дугаар сарын 1: Д.Трамп Нью-Жерси муж улсад өөрийн “Bedminster” гольфын клубийн санхүүжилт босгох ажиллагаанд оролцов. Тухайн өдрийнхөө орой Д.Трамп зөвлөх Хоуп Хиксээс халдвар илэрсэн тул өөрийгөө тусгаарлахаар болсон талаараа мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгч шинжилгээний хариугаа хүлээж байгаагаа “Fox News” сувагт мэдээлсэн байна.


Wall Street Journal” Д.Трампын шинжилгээний хариу эерэг гарсан талаар 10 дугаар сарын 1-нд мэдээлэв. Харин Цагаан ордон уг сонины тодруулга өгөх хүсэлтэд хариулт өгөөгүй байна.


10 дугаар сарын 2: Д.Трамп өөрийнх нь болон гэргий Меланьягийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан талаар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр тухайн өдрийнхөө орой Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хүргэгдэв.


10 дугаар сарын 3: Д.Трампын биеийн байдал ихээхэн сайжирч байгааг болоод түүнийг “ремдесивир”-ийн таван өдрийн эмчилгээний эхний тунг уусныг Ерөнхийлөгчийн эмч мэдэгдэв. “Gilead” компанид гарган авсан вирусний эсрэг эм болох “ремдесивир”-ийг АНУ-д “COVID-19”-ийн эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн юм. Мөн түүний цусан дахь хүчилтөрөгчийн түвшин буурсны дараа “дексаметазон” хэмээх стеройдын эмчилгээг хийж эхэлсэн гэж эмч нар дараагийн өдөр нь болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


10 дугаар сарын 4: Д.Трамп дэмжигчидтэйгээ мэндчилэхээр эмнэлгээс автомашинаар түр гарав. Гэвч уг явдал тээврийн хэрэгслийг нь жолоодож буй ажилтнуудын эрүүл мэндийг эрсдэлд орууллаа гэх шүүмжлэлд өртжээ.


10 дугаар сарын 5: Д.Трамп гурван хоногийг эмнэлэгт өнгөрүүлснийхээ дараа Цагаан ордонд эргэн ирэв. Тэрбээр “COVID-19”-өөс айхгүй байхыг америкчуудад уриалаад, гэрэл зургаа даруулахаар амны хаалтаа тайлав.


10 дугаар сарын 7: Д.Трампын биед 24 цагийн турш халдварын шинж тэмдэг илрээгүй гэж түүний эмч мэдээлэв. Мөн түүнд үзлэг хийж, амин үзүүлэлтийг нь хянахад биеийн байдал нь тогтвортой хэвээр байжээ.


10 дугаар сарын 8: Д.Трамп өөрөөс нь халдвар дамжихгүй болсон гэдгийг ямар нэгэн нотлох баримтыг дурдахгүйгээр мэдэгдэв. Тэрбээр стеройдын эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэж байгаагаа хэлсэн боловч “ихэнх эмчилгээг” зогсоосон гэв.


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хувьд шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоногийн дараа юм уу 24 цагийн зайтай өгсөн шинжилгээний хариу хоёул сөрөг гарсан тохиолдолд халдвар дамжих эрсдэлгүй болсон гэж үзэхийг өвчтөнүүдэд зөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ