Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-08 12:59:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав. Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ. Хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, монгол залуус солонгос киноны хүмүүжлээр өсөж байгаа энэ цаг үед кино урлагаа дэмжихээр хуулийн төсөл өргөн барьж буйг сайшаав. Тэрээр, бид 1990 оноос хойш шашин, урлагаа орхигдуулсан. Мөнгө ярих биш хүнээ хөгжүүлэхэд мөнгө зарцуулах нь чухал хэмээн онцлов. Тэрээр хуулийн төсөл баталдаг ч хэрэгжүүлдэггүй асуудал үүсдгийг дурдаад, тус хууль бодитоор хэрхэн хэрэгжихийг тодрууллаа. Соёлын сайд С.Чулуун, хуулийн төсөл батлагдсанаар, кино урлагийг дэмжих сан байгуулж, төр тодорхой дэмжлэг болохын зэрэгцээ уг санг арвижуулах чиглэлд ажиллана. Тус сангийн мөнгийг уран бүтээлчдэд зээлээр олгох бөгөөд гадаад контентыг хязгаарлаж 50 хүртэл хувийг үндэсний контент байхаар Соёлын тухай хуульд тусгаж буйг тодотгов. 


 УИХ-ын гишүүн Д.Ганбат, Соёлын яамнаас зөвхөн кино урлагийг татвар төлөгчдийн мөнгөөр дэмжих асуудлыг чухалчлан хуулийн төсөл боловсруулсныг лавлав. Тэрээр, сонгодог урлаг буюу балет, дуурийн салбарын залуус дэлхийн тавцанд амжилт гаргаж буйг дурдаад, энэ чиглэлд анхаарах нь илүү үр дүнтэй гэдгийг онцоллоо. 


Соёлын сайд С.Чулуун, Дэлхийн улс орнууд өөрийн кино урлагийг зохицуулсан хуультай байдгийг дурдаад, бүс нутагтаа кино урлагийн чиглэлээр хууль батлаагүй цорын ганц улс бол Монгол хэмээв. Тэрбээр, соёл, урлагийн салбарт эрэмбэлж дугаарласан асуудал байхгүй бөгөөд бүх салбарт хэрэгжүүлэх бодлого, байр суурь, гарах үр дүнг төлөвлөсөн, гурван ч хуулийн төсөл өргөн барьсан хэмээн хариулав. 


Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Кино урлаг нь нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байтал сүүлийн үед гарч буй монгол кинонууд залууст буруу үлгэр дуурайлал үзүүлж, ёс зүйн зохисгүй агуулгатай байгааг шүүмжлэв. Тиймээс хуулийн төслөөр кино урлагийг дэмжих гэж байгаа бол тухайн киноны хийц, агуулгад цензур тавих, түгээх асуудлыг хянах зохицуулалт хэрэгтэй гэдгийг хэллээ. Хуулийн төсөлд тусгасан кино түгээх насны ангиллыг хэрхэн оруулсныг лавлалаа. 


Соёлын сайд С.Чулуун, кино түгээх насны ангиллыг гурав хуваасан хэмээн хариулаад, олон улсад тав хүртэлх ангилал буйг дурдлаа. Дээрх асуудлаар ажлын баг дахин хэлэлцэх бөгөөд насны ангиллыг хуулиар биш журмаар зохицуулах боломжтой гэдгийг тайлбарлалаа.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Соёлын яамны зөвшөөрөлгүй кино зураг авахыг хориглоно, хэрэв зөвшөөрөлгүй кино зураг авбал хувь хүнийг нэг сая, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно гэж төсөлд тусгасан учрыг тодруулав. Соёлын сайд С.Чулуун, хуулийн төсөлд зөвхөн гадаадын иргэн Монгол Улсад кино зураг авахдаа зөвшөөрөл авна хэмээн тусгасан, монгол иргэнд хамаарахгүй гэж тайлбарлалаа. 


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Хуулийн төслийг анх боловсруулахаас эхлэн хариуцаж байсны хувьд хэлэхэд, кино урлагийн бүх продакшны төлөөлөлтэй Ерөнхий сайдын хамт уулзаж, олон хэлэлцүүлэг өрнүүлснээр дундын хувилбарыг нэгтгэж боловсруулсан. Кино урлагийг хэрхэн дэмжих вэ гэхээр, түүх эх оронч сэдэвтэй, түүх соёлоо сурталчилсан, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх контентыг төрөөс дэмжье гэж байгаа юм. Нөгөө талдаа бусад арилжааны кино байвал хөнгөлөлттэй зээл олгоё гэж байгаа. Кино урлаг санхүү дээрээ гацдаг зовлонтой. Харин гадаадын кино уран бүтээлчид дураараа орж ирээд кино хийгээд байгаа, түүнийг нь зөвшөөрөл олгодог байлгая гэсэн хэдхэн концепцийг хуулийн төсөлд тусгасан" хэмээв. 


Ингээд хуулийн төсөл болон дагалдуулан өргөн барьсан төслийг  үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэнээр, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ