12 сумын сонгуулийн хэсгийн хороог нэгтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-20 23:34:38

УИХ- ын болон аймгийн ИТХ- ын сонгуулийн зарим хэсгийн хороог нэгтгэх тухай албан тоотыг Сонгуулийн Ерөнхий хорооноос аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн байна. Үүнд дурьдсанаар тус аймгийн 12 сумын сонгуулийн хэсгийг хороог нэгтгэх ажээ.

Тодруулбал, Баянжаргалан, Говь- Угтаал, Дэлгэрцогт, Луус, Сайхан- Овоо, Хулд сумын нэг, хоёр, гуравдугаар багийг, Гурвансайхан сумын нэг, хоёрдугаар багийг, мөн гурав тавдугаар багийг, Дэлгэрхангай сумын нэг, дөрөвдүгээр багийг, хоёр, гуравдугаар багийг, Дэрэн сумын 1, 4 дүгээр багийг, Өлзийт сумын 1,2 дугаар багийг, мөн 4,5,6 дугаар багийг, Цагаандэлгэр сумын 1,2,3,4 дүгээр багийг тус тус нэгтгэх нь зүйтэй гэж СЕХ-ны хуралдаанаар үзжээ.

Учир нь сонгууль зохион байгуулахад хүндрэл учирч, нэмэлт төсөв болон техник хэрэгсэл шаардагдах онцгой нөхцөл байдал үүсч байгаа тул Сонгуулийн тухай хуулийн дагуу хэсгүүдийг ийнхүү нэгтгэх хэрэгтэй гэжээ.

Хэсгүүдийг ингэж нэгтгэснээр Дундговь аймагт хэдэн хэсгийн хороонд санал авах нь одоогоор тодорхойгүй байна. Сумын сонгуулийн хороод хэсгийн хороо байгуулсан тухай тогтоолоо  ирүүлээгүй байна гэж аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Л. Ганбат хэллээ.

Урьд урьдын сонгуулийн санал хураалтыг 66 хэсгийн хороонд авч байжээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ