Газар өмчлөл хангалтгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБагц мэдээ
Төл бойжилт 97,8 хувьтай байна
Булган аймгийн хэмжээнд 1.4 сая хээлтэгч мал төллөхөөс одоогийн байдлаар сая гаруй нь төллөөд байна. Төл бойжилт 97,8 хувьтай байна.
Гурванбулаг, Могод, Орхон сумдууд төлөөрөө тэргүүлж байгаа бол Сайхан сумын хонин сүрэг хамгийн их төл өгөөд байна. Одоогоор аймгийн хэмжээнд 41537 мал хорогдоод байгаагаас 533 нь өвчнөөр хорогдсон гэсэн мэдээллийг аймгийн ХХААГ – ын мал үржлийн тасгаас мэдээллээ.
Зөрчил гаргалгүй ажилладаг болох нь тогтоогдлоо
"Архи тамхигүй ирээдүй" тусгай арга хэмжээ Булган аймаг даяар явагдаж байгаа. Энэ ажлын хүрээнд Булган аймгийн Гурванбулаг сумын архи тамхи худалдаалах цэгүүдэд үзлэг шалгалт хийлээ. Цагдаагийн албанаас төлөвлөгөө гаргаж ажиллажээ. Тус сумын архи тамхи худалдан борлуулах цэгүүд нь ямар нэгэн зөрчил гаргаагүй, хуулийн хэмжээнд үүрэг даалгавараа биелүүлэн ажилладаг нь нотлогдлоо. Энэ үеэр архи согтууруулах ундаа болон утаат тамхи худалдан борлуулдаг цэгүүдийн худалдагч, үйлчлэгч нарт зөвшөөрөгдөөгүй цэгт утаат тамхи худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, хууль эрх зүйн зөвлөгөө өглөө. Мэдээллийг аймгийн ЦГ – ын АСТАХ ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т.Норпил өглөө.
178 иргэн ажлын байртай болжээ
Булган аймгийн хэмжээнд сүүлийн нэг жилд 178 ажлын байр бий болгожээ. Хөдөлмөрийн хэлтсээс “Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах” хөтөлбөрийн хүрээнд 158 иргэнийг дэмжин 178 ажлын байрыг бий болгосон. 2,5 – 5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан иргэд гарааны бизнесээ амжилттай эрхэлж байна. Гараагаа эхэлсэн тэд дараа дараачийн шатны зээл тусламжид хамрагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж байгаа эсэхийг санал нэгдэн судалж байна хэмээн ярилаа. Тэдний дунд ноос ноолууран эдлэл, оёдол, нарийн боов, хэрчсэн жигнэсэн гурил, сүү сүүн бүтээгдэхүүний боловсруулалт, гутал урлал, блок боржур цутгах зэрэг үйлдвэрлэл байна.
Санамсаргүй авсан судалгаанд нийт 108 иргэн хамрагдлаа
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, БНСУ-ын Орчны эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд хамтран санамсаргүй аргаар судалгаа авлаа. Тэд Булган аймгийн Булган сумын 1-р 12 жилийн дунд сургуулийн 4-5-р ангийн 57 сурагч, 3-р багийн 51 иргэнд судалгаа, шинжилгээ хийлээ. Уг судалгаагаар хар тугалга, мөнгөн ус, кадми, зэс, хүнцэл, молибден зэрэг хүнд металлуудыг тодорхойлж, БНСУ-ын эмчийн үзлэг болон мэдрэлийн сорил хийсэн байна. Энэ нь Булган сумын гадаад орчин (агаар, ус, хөрс) - оос хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг судлах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэл, зөвлөмжийг боловсруулах зорилгоор хийгдэж байгаа ажил юм байна. Мөн судалгааны хүрээнд хөрс, усны шинжилгээг авсан бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдийн сорьц болон хөрс, усны дээжийг БНСУ-руу явуулж, шинжилгээ хийлгэх ажээ.
Газар өмчлөл хангалтгүй байна
Булган аймгийн хэмжээнд 2012 оноос одоог хүртэл шинээр 383 иргэнд 51,06 га газрыг, хуучин хашааны газраа 227 иргэн /31,23 га/ өмчилж авчээ. Энэ нь 16 мянган хүн амтай Булган аймгийн хувьд чамлалттай тоо юм. Булган аймаг нь хот болох зорилтын хүрээнд Булган сумын 1–р баг Майдарын голын дэнжийн 45 нэгж талбар, байгаль орчин ачлал жуулчлалын газрын орчим 30 нэгж талбар, хуучин морь барианы газар буюу Наран, нууц булаг хорооллын 310 нэгж талбар, 6–р баг онгоцны буудлын орчим шинээр суурьшлын 200 нэгж талбар, 1–р баг Булаг хороолол дахь 84 нэгж талбар олголтуудыг координатжуулан кадастрын зурагт бүртгэжээ. Харин энэ оны газар өмчлөх өргөдлийг хүлээн аваад дууссан байна. Газар олголт явагдаж байна.
П.Батням