Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар номын дуу сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-19 14:06:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүн спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт семинар баасан гарагт “Олимпик хаус”-т болов.


Семинарыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нээж спорт холбоодыг харилцан уялдаа холбоотой хамтран ажиллахыг уриалсан юм. Уулзалтаар МҮОХ-ны өнгөрсөн нэг сарын ажлын тайлан, комиссуудын шинэчлэгдсэн бүрэлдэхүүний танилцуулга, дасгалжуулагч солилцооны хөтөлбөр, “Бөртэ Чоно-2020” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцжээ.



Уулзалт семинарт Герман-Монголын хамтарсан АФА академийн багш, “Рио-2016” олимпын наадамд усанд сэлэлтийн төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин Б.Дөлгөөн “Хувь хүний тогтвортой хөгжил”, “Тамирчний өсөлт дэвшил, уналт” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан бол ахмад дипломатч Ч.Батжаргал олон улсын дипломат ёс, ёслолын талаар дэлгэрэнгүй танилцуулж зөвлөгөө өгсөн юм.




Мөн “Сошиал контентоор дамжуулан холбоодын үйл ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх вэ?” гэсэн сэдвээр МҮОХ-ны маркетинг, түншлэл хариуцсан нарийн бичгийн дарга А.Ундрал илтгэл тавьсан. МҮОХ-ны шилдэг холбоо Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар Цар тахлын үед тэмцээн уралдааныг хэрхэн сэргээн зохион байгуулах үйл явцын тухай бусаддаа зөвлөгөө өгч, өөрийн хийсэн судалгааг танилцуулав.


Уг уулзалтаар допингийн эсрэг үндэсний төвийн ерөнхийлөгч Ж.Хатанбаатар тус төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын асуултад тодорхой хариултууд өгсөн байна. Энэ удаагийн уулзалтад нийт 42 спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга болон төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ