Туслах малчдыг чадавхжуулах төслийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-18 16:04:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Европын холбооны хамтарсан санхүүжилтээр “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг тус аймгийн гурван суманд хэрэгжүүлж байна. Ажил олгогч болон туслах малчин хоорондын хөдөлмөрийн гэрээ, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, гарч буй зөрчилд судалгаа хийх, үр дүнг тооцох улмаар шийдвэр гаргах түвшинд асуудлыг уламжлах юм байна.

 

Туслах малчдын эрх ашиг зөрчигдөж буй энэ байдлыг арилгахын тулд төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх, малчдаас гарч буй санал санаачилгыг хэрэгжүүлэгч байгууллагууд аймгийн ИТХ, цаашлаад Засгийн газрын түвшинд мэдээлэхийг зорин ажиллаж байгаа аж. Тиймээс Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, элчин зөвлөх Марко Фэрри, төслийн менежер М.Бямбарагчаа, ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Адъяахишиг нарын бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэд аймгийн удирдлагуудтай уулзаж төслийнхөө талаар танилцуулан хэрэгжилтийг хангахад орон нутгийн зүгээс дэмжиж хамтран ажиллахыг хүслээ.

Туслах малчдын асуудал зөвхөн төслийн хүрээнд яригдсан зүйл биш. ХЭҮК-д туслах малчны хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал, мэдээллүүд цөөнгүй ирж байсан. Тодруулбал туслах малчид өөрсдийн эрхэлсэн хөдөлмөрт тохирсон цалин авч чадаж байна уу үгүй юу гэдэгтэй холбоотой гомдлууд ирдэг. Зарим малчин хөдөлмөрийн гэрээг зөвхөн тухайн туслах малчинтай гэрээ байгуулчихдаг. Гэтэл үүний цаана тэр хүний гэр бүл, үр хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж, нийгмийн суурь үйлчилгээнүүдийг хүртэх эрх нь хязгаарлагдах зөрчлүүд их гардаг. Тиймээс бид судалгаанд үндэслэн үүнийг эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуудлах ёстой юм, туслах малчдын авч буй цалин хөлс бодит байдалтэй хэр нийцэж байгаа юм бэ гэдгийг гарган ирж, улмаар шийдвэр гаргах түвшинд асуудлыг тавьж, хөдөлмөрийн харилцааг нь хууль ёсны болгохын тулд төслийг хэрэгжүүлж байгаа гэдгийг  ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Адъяахишиг хэллээ.

Дээрх төсөл нь тус аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ, Эрдэнэцагаан суманд хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм. 


Холбоотой мэдээ