Хорт хавдар хожуу үедээ оношлогдож байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-09-26 16:20:59

 “Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент” олон улсын VII хурал Шангрилла зочид буудлын хурлын танхимд  хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ивээл дор болж буй уг симпозиумд олон улсын илтгэгчид “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сонирхолтой видео илтгэл, лекц тавьж байна. Тухайлбал, Япон улсаас профессор Масаказо Ямамото, Хироки Ямауэ, Хисахиро Мацубара, Харуши Осуги тэргүүтэй ходоод, улаан хоолойн хорт хавдрын чиглэлээр дэлхийд тэргүүлэх 20 илтгэгч оролцож тус салбарын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт талуудын талаар видео илтгэл тавив.

ХСҮТ-д бүртгэгдсэнээр Монгол Улсад нэг жилийн хугацаанд 4000 хорт хавдрын шинэ тохиолдол илэрдэг болжээ. Харин үүний 70-80 хувь нь хожуу үедээ оношлогдож, эмчлэх боломжгүй нөхцөл үүсдэг аж. Үүнээс харахад Монголд хорт хавдрын эрт оношилгоо нь тулгамдсэн асуудал болсныг энэ салбарынхан хэллээ. Иргэд ядаж жилдээ ганц удаа эмнэлгийн оношилгоонд орж, дотор эрхтнээ шинжлүүлдэггүй, ажлын хойноос хэт улайрч, эрүүл мэнддээ цаг гаргадаггүй байдлаас үүдэн хорт хавдрын эрт үеийн оношилгоо алдагдаж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор Хан Кван Ян, “Монгол Улс ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт буюу БНСУ-ын ард бичигддэг бол нас баралтын тоогоор энэ статистикийг тэргүүлэх болжээ. Харин хавдрын өвчлөлөөр тэргүүлж байсан БНСУ-ын хувьд 10-т бичигдсэн байна. Энэ мэт тоон үзүүлэлтүүд нь Монголд хорт хавдрын эрт оношлогооны асуудал нэн чухал болсныг харуулж байна" хэмээн тайлбарлалаа. Түүний хувьд БНСУ-ын хавдрын чиглэлээр мэргэшсэн, тэргүүлэх профессоруудын нэг юм.

Энэ үеэр дэлхийн нэр хүндтэй эмч нар ХСҮТ-ийн эмч нартай хамтран хоол боловсруулах замын хорт хавдрын мэс заслыг хамгийн сүүлийн үеийн арга технологиор хийж, хагалгааны явцыг шууд дамжуулан эмч нарт үзүүлэн, санал бодлоо солилцов. 
Уг хагалгааг Солонгос улсын Сөүлийн их сургуулийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, Солонгос улсын Ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн профессор Хан Кван Ян, Япон улсын Осака хотын Анагаах ухааны их сургуулийн Хоол боловсруулах замын мэс заслын тасгийн эмч Сатура Кишида мөн Осака хотын Анагаах ухааны их сургуулийн Хоол боловсруулах замын мэс заслын тасгийн эрхлэгч профессор Хоруши Осуги, ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг нар хариуцан хийжээ. 

Хуралд Монголын эмч нараас гадна Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ, Казахстан зэрэг 70 гаруй орны судлаач, эрдэмтэн, эмч нар судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэв.


Ж.Болор


 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд